Москвагийн метро дэлхийд хамгийн аюулгүйд тооцогддог

Д.Тогтох

      2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 1.7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэнэ  гэсэн тооцоолол бий. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилтэт хувилбар болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх, бэлтгэл ажлыг эхлүүлэх тухай яриа ид өрнөж байна. Энэ ажилд санаа сэдэл болох үүднээс Москвагийн метроны талаарх бат бөх байдал, хийц загвар зэрэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

     В.И.Лениний нэрэмжит Москвагийн метро дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй, бат бөх, аюулгүй, найдвартайд тооцогддог. Хамгийн анхны шугам болох Сокольническая станц нь 1935 оны тавдугаар сарын 15-нд нээгдсэн, нийт 13 станцаас бүрдсэн, 11.2 км урттай байжээ. Харин 2023 оны байдлаар энэхүү метро нь 14 шугамаас бүрдэн нийт уртын хэмжээ нь 466.62 км, 263 станцтайгаас 40 гаруй нь соёлын өвд тооцогддог юм байна.

 “Метрострой”- байгууллагын гол зорилго нь хамгийн тохиромжтой, өндөр хурдтай, найдвартай хотын тээврийн хэрэгсэл бүтээх байсан ч тохижилтод нь бас асар их анхаарал хандуулжээ. Тухайлбал, буудал бүрийн тансаг чимэглэл, стилист, техникийн онцлог шийдлүүд нь толин тусгал шиг хэдэн үе дамжсан, түүхэн чухал үйл явдлуудыг харуулсан байна.  Энд орос урлалын хийц, Сталины ампир хийцийн гайхалтай дурсгалуудыг шингээжээ.  Тухайлбал, ялагчдын дүр төрхийг метронд мөнхөлснөөс дурдвал, Александр Невский (Комсомольская буудал), янз бүрийн мэргэжлийн аз жаргалтай хөдөлмөрчид (Новослободская буудал), домогт тамирчид (ЦСКА) нарыг дурдаж болох юм.

Зорчигдын хөдөлгөөний оргил цагаар зарим шугамын  галт тэрэг хоорондын хүлээх хугацаа нь 90 секунд байдаг бөгөөд энэ нь дэлхийн дээд хэмжээ юм. 2023 оны хоёрдугаар сард тойргийн шугам замын хөдөлгөөний хоорондын хүлээх хугацааг дэлхийд анх удаа 80 секунд болгон бууруулж, дээд амжилт тогтоосон байна.

2033 он гэхэд шинээр 39 станц нээхээр төлөвлөж байна. 2023 оны зун 15 шинэ станц барьж, 35 км шинэ шугам тавих ажил хийгдэж байв.

Москвагийн метроны газрын гүний ордонд архитектур болон дотоод засал чимэглэлийн янз бүрийн хэв маяг, чимэглэл урлагийн ховор төрлүүд болох шигтгэмэл, смальт, флоренцийн хээ, металл уран зургийн гайхамшигт үзмэрүүдтэй танилцах боломжтой.

Метро байгуулах журмыг 1931 оны аравдугаар сарын 2-ны ЗСБНХУ-ын Ардын комиссаруудын зөвлөл баталж байжээ. Метроны анхны дарга Павел Роттерт гэх хүн байв. Агуу их эх орны дайны үед дахин хоёр шугам шинээр нээгджээ. 1938 оны гуравдугаар сард Арбатын шугамыг “Курская” буудал хүртэл сунгасан байна. 1938 оны есдүгээр сард Горьковско-Замоскворецкая шугамыг нээсэн байна.

Аугаа их эх орны дайны үеэр метрог бөмбөгнөөс хоргодох байр болгон ашиглаж байв. Агаарын дайралтын үеэр метронд 217 хүүхэд төрж байжээ. Москвагийн метроны гурав дахь шатыг барих ажил 1940 онд Аугаа Эх Орны дайн эхлэхээс өмнө эхэлсэн байна. Дайны эхэн үед энэ ажлыг зогсоосон боловч 1942 оны тавдугаар сард Москваг дайсанд эзлэгдэх аюул байхгүй болсон тул үргэлжлүүлэн барьжээ. Маршрутын хоёр шинэ шугамыг 1943 оны нэгдүгээр сард “Свердловын талбай", "Сталины нэрэмжит үйлдвэр" (1956 оноос хойш "Автозаводская") (Москва голын доогуур гүн хонгил ухаж хийсэн "Павелецкая" ба "Новокузнецк" станцууд 1943 оны арваннэгдүгээр сард нээгдсэн) ашиглалтад оруулсан байна.  Дайны үед баригдсан 7 буудалд "Агуу их эх орны дайны өдрүүдэд баригдсан дурсгалын самбар байдаг.

Дайны дараа метроны дөрөв дэхь бүтээн байгуулалт эхлэн Тойргон шугам нь  Арбатын шугамны “Площади Революции” буудлаас “Киевская” буудал руу үргэлжлүүлжээ. Нийслэлийн 9 галт тэрэгний буудлын 7 буудал нь метроны шугаманд холбогдон 1952 онд “Курская”, “Белорусская” төмөр замын буудлуудыг нэгтгэсэн байна.

Арбатын шугамын газрын гүний хэсгийн бүтээн байгуулалт нь хүйтэн дайны эхлэлтэй холбоотой. Маш гүний буудлууд нь цөмийн дайн гарсан тохиолдолд хоргодох байр болох зориулалттай зохион бүтээгдсэн байв.

Метро нь өглөөний 05:30-аас шөнийн 01:00 цагийн хооронд зорчигчдод нээлттэй байдаг. Яг шөнийн 01 цагаас бүх буудлууд зөвхөн зорчигчдыг гаргах үйлчилгээ явуулна. Галт тэрэгний хөдөлгөөний хуваарь 99,94 % биелэгддэг.

Москвагийн метроны зорчигчдын урсгал нь дэлхийн хамгийн өндөр нягтаршилтайд тооцогддогыг энд онцлох нь зүйтэй. 2022 онд зорчигчдын өдрийн дундаж урсгал 5.649 сая хүн байжээ. Москвагийн метро нь 263 станцтай. Эдгээрээс 260 нь Москва хотын нутаг дэвсгэрт байрладаг. Урсдаг шатаар тоноглогдсон 189 станц байдаг. Газар доорхи метроны буудлууд руу буух, өгсөхөд зориулан Москвагийн метроны буудал, гарц дээр нийт 1032 урсдаг шат, 2 аялал жуулчлал, түүний дотор монорэйл тээврийн системийн станцуудад 18 байдаг.

Москва дахь хамгийн урт урсдаг шат нь “Ялалтын парк” буудалд (өндөр нь 63.4 м), хамгийн богино нь Салариево буудалд Өмнөд үүдний хэсэгт 3.1 м байрладаг. Ашиглагдаж байгаа урсах шатны хамгийн урт настай нь 1952 онд ашиглалтад орсон “Комсомольская”, “Белорусской” буудлууд дээр байна.

Метроны дэд бүтцийн байгууламжууд нь зорчигчдын урсгал өндөр, инженерийн байгууламжийн нарийн системтэй учир хуулийн дагуу онцгой аюултай зэрэглэлд тооцогддог. Техникийн аюулгүй байдлыг хангахын тулд 1000 орчим хүнтэй тусгай ангиуд ажилладаг. Тэд нь онцгой байдал үүсэх тохиолдолд аюулгүй нөхцөл байдлыг хангах, метронд техник хэрэгслийн засвар үйлчилгээ хийдэг юм.

Москвагийн метроны хууль сахиулах  үйл ажиллагааг Дотоод явдлын хэлтэс хариуцдаг. Ойролцоогоор 5000 гаруй ажилтантай  тус хэлтэс нь метроны өмчийг эвдэн сүйтгэх, танхай, хулгай, дээрэм, алан хядлагатай тэмцэх үүрэгтэй. Москвагийн метро нь видео хяналтын систем, бусад техникийн хэрэгслүүдээр бүрэн хангагдсан байдаг ажээ.

Москвагийн метро нь баригдсан анхны жилээс эхлэн иргэний хамгаалалтын байгууламж болгон ашиглах зориулалттай баригджээ. 1941 оны дөрөвдүгээр сард гарсан Ардын комиссаруудын Зөвлөлийн тогтоолийн дагуу метро нь олон хүн багтах бөмбөгнөөс хоргодох байр болгон ашиглагдах ёстой байв. Аугаа их Эх орны дайны үеэр олон мянган москвагийн иргэд энд  агаарын дайралтаас нуугдаж байв.

Дайны дараа баригдсан шинэ хонгил буюу станцууд нь нийтийг хамран хөнөөх атомын, химийн болон бактериологийн зэвсгийн аюулыг тооцоолон баригдсан байна. Тухайлбал, агааржуулалтын цооногууд нь тусгай шүүлтүүрээр тоноглогдсон байдаг. Ариун цэврийн өрөө нь олон тооны хүмүүст үйлчлэх зориулалттай баригдсаныг мөн дурдах хэрэгтэй.

Газрын гүний хонгил зам болон метроны буудлын гарах хаалга нь агаар нэвтрэхгүй, тэсрэлтийн долгионоос хамгаалах  зориулалттай хийгдсэн бөгөөд үер болсон тохиолдолд ч хонгилын үерээс урьдчилан сэргийлэх боломжтой хийгдсэн байна. Төвлөрсөн цахилгаан тасарсан тохиолдолд дизель цахилгаан станцаар хангадаг.

Москва хотын дарга Сергей Собянин нь Москвагийн метрог дэлхийн хамгийн найдвартай, аюулгүй метро гэж үздэг. Түүхэнд хамгийн олон буюу 17 ширхэг буудал 2018 онд ашиглалтад орсон байна. Москва хотын 850 жилийн ойг тэмдэглэсэн 1997 оны есдүгээр сарын 6-ны өдөр 14 сая зорчигч тоологдсон нь хамгийн олон хүн зорчсон байна.

Эх сурвалж: www.News24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)