Японы хувийн компанийн пуужин хөөрснийхөө дараахан дэлбэрчээ

Японы “Спейс Уан” компанийн пуужингаар хиймэл дагуул хөөргөх ажиллагаа амжилтгүй болжээ. Уг пуужин тус улсын баруун нутгийн сансрын буудлаас хөөрсөн ч хэдхэн секундийн дараа дэлбэрчээ. 

“Спейс Уан” нь хиймэл дагуулыг тойрог замд оруулсан Японы анхны хувийн компани болохыг зорьж байсан боловч Вакаяма мужийн Күшимото дахь сансрын буудлаас 18 метрийн урттай “Кайрос” пуужинг хөөргөх оролдлого нь амжилтгүй боллоо. Уг буудал нь тус улсын анхны арилжааны хөөргөх талбай юм.
 

Ослын газарт орон нутгийн гал сөнөөгчид очсон байна. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна гэж цагдаа нар мэдээлжээ. 
Дэлбэрэлт болсны дараа тус компани “нислэгийг зогсоох арга хэмжээ” авсан хэмээн мэдэгдсэн байна. 

Уг пуужинг анх бямба гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч аюулгүй байдлын үүднээс хөлөг онгоцгүй байх шаардлагатай хэмээн тодорхойлсон хэсэгт хөлөг онгоц байгааг тогтоосны дараа хойшлуулжээ.

Засгийн газрын Хиймэл дагуулын мэдээллийн төвийн мэдээлснээр, уг пуужингаар тойрог замд гаргах байсан хиймэл дагуул нь Умард Солонгос дахь цэргийн байгууламжуудыг хянах одоогийн хиймэл дагуулын үүргийн заримыг гүйцэтгэх ёстой байв.

2018 онд байгуулсан “Спейс Уан” компани нь зардлыг бууруулж, пуужинг олон давтамжтай хөөргөх замаар сансрын хүргэлтийн үйлчилгээг арилжааны зориулалттай болгохыг зорьж байгаа юм. Улмаар 2030 он гэхэд жилд 30 пуужин сансарт илгээх зорилготой байна.

Тус компанийг “Кэнон Электроникс”, “Ай-Эйч-Ай Аэроспейс”, “Шимизү” корпорац болон Японы төрийн мэдлийн Хөгжлийн банк байгуулжээ. Эхний пуужинг 2022 оны гуравдугаар сарын эцэс гэхэд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч цар тахал, ложистикийн саатлаас шалтгаалан дөрвөн удаа хойшлуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)