“Шяоми” компани цахилгаан автомашинаа худалдаанд гаргана

Хятадын “Шяоми” компани анхны цахилгаан автомашин болох "Спид Ультра 7" загварыг энэ сараас худалдаанд гаргахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр тус компани үнийн ширүүн дайн өрнөж буй энэ үед дэлхийн автомашины хамгийн том зах зээлд хөл тавих гэж байна.

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч тав дахь том компани улсын хэмжээнд 29 хот дахь 59 дэлгүүртээ захиалга авна гэж “Вэйбо” хуудсандаа мэдээлжээ. Шинэ автомашиныг гуравдугаар сарын 28-нд олон нийтэд танилцуулахаар товлоод байгаа бөгөөд үнийг нь тухайн үед танилцуулах төлөвтэй байна.

Дээрх мэдэгдлийг хийсний дараа “Шяоми” компанийн хувьцаа 7 хувиар өсжээ.

Хятадын цахилгаан автомашины борлуулалт энэ оны 1-2 дугаар сард 18 хувиар өссөн нь 2023 оныхоос /21 хувь/ хол зөрүүгүй байлаа. “Би-Вай-Ди” зэрэг зах зээлийн тэргүүлэгч компаниуд дотоодын эрэлт суларч байгааг харгалзан хэрэглэгчдийг татахын тулд энэ онд үнээ ихээхэн бууруулсан юм.

“Шяоми” нь дэлхийн шилдэг таван автомашин үйлдвэрлэгчийн нэг болохыг зорьж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Лэй Жүн өнгөрсөн 12 дугаар сард седан загварын "Спид Ультра 7" автомашиныг танилцуулах үеэр мэдэгджээ. Энэхүү машин нь “Тесла”, “Порше”-гийн цахилгаан машинуудаас илүү хурд авах чадалтай “супер цахилгаан мотор” бүхий технологитой гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Уг автомашины “Шяоми”-гийн гар утас болон бусад цахим төхөөрөмжүүдтэй холбогдох үйлдлийн систем нь тус компанийн одоогийн хэрэглэгчдийн сонирхлыг татна гэж шинжээчид үзэж байна. “Шяоми” нь ухаалаг гар утасны эрэлт зогсонги байдалд ороод буй энэ цаг үед үндсэн бизнесээсээ гадна цахилгаан автомашины салбарт үйл ажиллагаагаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөнийхөө талаар 2021 онд танилцуулж байсан юм. 

Тус компанийн автомашинуудыг төрийн өмчит автомашин үйлдвэрлэгч BAIC группийн жилд 200 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай Бээжингийн үйлдвэрт үйлдвэрлэнэ. Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Шяоми” компани 10 жилийн хугацаанд автомашины салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: БЭЭЖИН /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)