Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатна

 Европын Сансрын агентлагийн /ESA/ хиймэл дагуул лхагва гаргийн өглөө Дэлхийн агаар мандалд орсноор бүхэлдээ шатах төлөвтэй байна.

Тус агентлагийн Сансрын хог хаягдлын судалгааны алба олон улсын тандалтын сүлжээтэй хамтран дэлхийг ажиглах зориулалттай “ERS-2” хиймэл дагуулыг хянан ажиглаж байна. ESA мөн цахим хуудсаараа дамжуулан шинэ мэдээллийг шууд дамжуулж байгаа аж. “Сансрын хөлөг Дэлхийн агаар мандалд орж ирж буй нь урьдчилан төлөвлөгөөгүй үйл явдал тул маневр хийх боломжгүй бөгөөд хаана, хэзээ агаар мандалд нэвтэрч, шатаж эхлэхийг нарийн мэдэх боломжгүй” гэж ESA-ийн мэдэгдэлд дурджээ.

Нарны идэвхжил нь дэлхийн агаар мандлын нягтрал, агаар мандал хиймэл дагуулыг татах зэрэгт нөлөөлж болзошгүй тул хиймэл дагуулын нэвтрэх цаг нь тодорхойгүй хэвээр байна. Нарны 11 жилийн мөчлөгийн оргил үе ойртох тусам идэвхжил нь улам бүр нэмэгдсээр байна. Нарны идэвхжлийн оргил үе энэ оны сүүлчээр тохиох төлөвтэй байгаа бөгөөд идэвхжил нэмэгдсэн нь 2023 оны долоодугаар сард ESA-ийн “Aeolus” хиймэл дагуул агаар мандалд нэвтрэхэд нөлөөлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “ERS-2” хиймэл дагуул нь түлшээ шавхсаны дараах байдлаар 2294 кг жинтэй бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд долоо хоног бүр нэвтэрдэг сансрын бусад хог хаягдалтай ижил хэмжээтэй байна. Хиймэл дагуул дэлхийн гадаргуугаас 80 км-ийн өндөрт задарч, ихэнх хэсэг нь агаар мандалд шатах төлөвтэй байна. Түүний зарим хэлтэрхий манай гаргийн гадаргуу дээр унаж болох боловч тэдгээр нь хортой бодисууд агуулаагүй бөгөөд далайд унах магадлалтай ажээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)