Орос, Беларусийн далбаат завьчид Олимпын эрхийн тэмцээнд оролцоно

 Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг Олон улсын Далбаат завины холбоо /World Sailing/ гаргалаа.

“Сонгон шалгаруулалтын тодорхой шаардлагуудыг хангасан тамирчид бие даасан статустайгаар 2024 оны Парисын Олимпын тоглолтод оролцохыг зөвшөөрч байна. Үүний тулд тэдгээр тамирчид 4 дүгээр сарын 20-27-нд болох “Сүүлчийн боломж” уралдаан, Марсельд болох Олимпын оноо олгох тэмцээнд оролцох ёстой” гэж World Sailing-ийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

Олон улсын Далбаат завины холбоо 2022 оны 3 дугаар сарын 1-нд мэдэгдэл гаргаж, Орос, Беларусийн тамирчдыг тус холбооноос зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд оролцуулахгүйгээр шийдвэрлэснээ зарласан бол 2023 оны 5 дугаар сарын 24-нд шийдвэрээ сунгасан юм.

Сануулан дурдахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Олон улсын Олимпын хорооноос тус хоёр улсын тамирчдыг бие даасан статустайгаар "Парис-2024" Олимпын наадамд оролцуулах шийдвэрийг гаргасан билээ.  Харин цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байгаа, мөн Оросын арми, үндэсний аюулгүй байдлын байгууллагуудтай холбоотой хүмүүсийг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ.   

Үүний сацуу Олимпын үеэр Орос, Беларусийн албаны хүмүүсийг байрлуулахгүй, хоёр улсын туг далбааг мандуулахгүй, төрийн дууллыг эгшиглүүлэхгүй ба бэлгэ тэмдгүүдийг хэрэглэхийг хориглосон юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)