Ш.Энхтөр: Халуун бууруулах, өвчин намдаах эмийг буруу хэрэглэвэл хордлогод орох эрсдэлтэй

Б.ТУУЛ

Томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол буурч байгаа ч зарим хүмүүсийн хувьд вирусийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлал өндөр хэвээр байгаатай холбогдуулан өвчний шинж тэмдэг, гэртээ авах арга хэмжээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр зөвлөж  байна.

Ихэнх хүн томуу болоод томуу төст өвчин буюу ханиадыг нэг өвчин гэж ойлгодог. Энэ хоёр бол тэс ондоо өвчин юм. Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусад бүх вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэнэ.

Ханиад бол аажмаар эхэлдэг, халууралт өндөр биш. Харин томуугаар өвчилсөн үед шууд өндөр халуурна. Ялангуяа хүүхэд том хүнийг бодвол дархлаа гүйцэд тогтоогүй байдаг учраас илүү олон хоног өндөр халуурдаг.

Хэрэв өндөр халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд парацетамол агуулсан эм хэрэглэвэл ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь чухал.  Энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал.

Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, хордлогод орох эрсдэлтэй.

Тиймээс парацетамолтой бэлдмэлийг хүүхдэд өгөхдөө эмчээс зөвлөгөө авч тунг нь нарийн тогтоолгох шаардлагатай хэмээн Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах видеоноос үзээрэй.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)