Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын гэр бүлд 3 өрөө байр өгнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэр, дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлын тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 

“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ.

Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна.

Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.   

УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.

Эх сурвалж: www.News24.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)