Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны шинэ чиглэл харах боломжтой

Б.Оргил

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.

Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.

Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны шинэ чиглэл харах боломжтой

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэв.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.

Нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

 

-Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна.

Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм хэмээлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)