2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

Шинэ он гараад хэдхэн хонож буй энэ үед хүн бүр 2024 онд хийж бүтээх чухал зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл тун удахгүй сургуулиа төгсөх гэж буй болон мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд зориулан өндөр шалгууртай, өрсөлдөөн ихтэйн хэрээр сурах маш таатай нөхцөлөөр хангаж чаддаг томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 1)

 

Кембрижийн их сургуулийн тэтгэлэг

24 жилийн өмнө Билл болон Мелинда Гейтсийн “Bill and Melinda Gates” сангаас 210 сая ам.долларын түүхэн хандиваар анх үүсгэн байгуулагдаж байсан энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь хамгийн өндөр шалгууртай, өрсөлдөөн ихтэй тэтгэлгүүдийн нэгт зүй ёсоор багтдаг. Жил бүр ердөө 100 орчим оюутанд олгогддог уг тэтгэлэгт хамрагдсанаар та Кембрижийн их сургуулийн магистр болон докторын зэрэгт суралцах хугацааны бүхий л зардлаас чөлөөлөгдөх боломжтой юм. 2025 онд эхлэх хичээлийн жилийн тэтгэлгийн өргөдлийг энэ оны есдүгээр сараас эхлэн хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 2)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 3)

 

Лестер Б.Пирсоны тэтгэлэг

Жил бүр олон мянган өргөдөл гаргагчдаас ердөө 37 орчим оюутанд олгогддог Торонтогийн их сургуулийн Лестер Б.Пирсоны дөрвөн жилийн бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт яг одоогоос бэлдэж эхлэхийг зөвлөж байна. Жил бүрийн есдүгээр сард эхлэх шинэ хичээлийн жилийн материалыг бүтэн жилийн өмнөөс буюу өмнөх оны есдүгээр сараас эхлэн хүлээн авдаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөн ихтэй тэтгэлэгт зүй ёсоор тооцогддог. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 4)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 5)

 

Милли Бродер тэтгэлэг

2024.01.01-2.29-ний хооронд материал хүлээн авах энэхүү тэтгэлэг нь сонсголын бэрхшээлтэй эцэг эхээс төрсөн сонсголтой хүүхдүүдэд зориулагдсан бакалаврын зэргийн тэтгэлэг юм. Та дэлхийн хаанаас ч өргөдөл явуулах эрхтэй бөгөөд ирээдүйн зорилго, мөрөөдөл, мөн сонсголын бэрхшээлтэй гэр бүлд өсөн торнисон амьдралын туршлагыг өгүүлэх эсээг өөрийн эх хэл дээрээ бичих боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар аль ч орны магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиас сонгон суралцах боломжтой ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 6)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 7)

 

Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг

Жил бүрийн арванхоёрдугаар сард дараагийн хичээлийн жилийн бүртгэлээ хийдэг БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлэгт яг одоогоос эхлэн бэлдээрэй. Бакалаврын зэрэгт суралцах оюутан 25 хүртэлх настай байх, магистрын зэрэгт суралцах оюутан 35 хүртэлх настай байх, докторын зэрэгт суралцах оюутан 40 хүртэлх настай байх шаардлага тавьдаг энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд шаардлагатай материалуудыг бүрдүүлэхээс гадна бичгийн шалгалт өгч, ярилцлагад орох ёстой. Сургуулийн төлбөрөөс эхлээд сар бүрийн амьжиргааны зардал олгох зэрэг маш олон боломжийг санал болгодог тэтгэлгийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 8)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 9)

 

Швейцар улсын Засгийн газрын тэтгэлэг

Докторын зэрэг болоод урлагийн чиглэлээр сурах магистрын оюутнуудад олгогддог Швейцар улсын засгийн газрын тэтгэлэг нь жил бүрийн наймдугаар сарын эхээр материал хүлээн авдаг ба тив болон улсаас хамаарч бага зэрэг өөр байх нь бий. Дэлхийн 180 гаруй орны оюутан залууст нээлттэй явагддаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөр, байрны түрээс, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлуудаас чөлөөлөгдөх ба дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 10)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 11)

 

Чевнинг тэтгэлэг

160 гаруй орны манлайлагч залууст олгодог Их Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэг нь жил бүрийн сүүлийн саруудад шинэ хичээлийн жилийн материалаа хүлээн авдаг уламжлалтай. Англи улсад нэг жилийн хугацаанд магистрын зэрэгт суралцах боломжийг олгодог Чевнинг тэтгэлэгт манай улсаас жил бүр 10-20 оюутан элсүүлдэг бөгөөд өмнө нь аль нэг улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх, мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх зэрэг нэлээдгүй өндөр шалгуурыг тавьдаг. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 12)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 13)

 

Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэг

KGSP буюу БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Солонгосын их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор болон судалгааны чиглэлээр суралцах оюутнуудад үнэ төлбөргүй суралцах боломж олгодог олон улсын тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгт Монгол улсад суугаа Солонгос улсын Элчин сайдын яамаар дамжуулах эсвэл өөрөө сургууль руугаа материалаа явуулах гэсэн хоёр төрлийн аргаас сонгон бүртгүүлэх боломжтой. Солонгос улсын засгийн газрын тэтгэлэгт хоёр талын онгоцны тийз, сар бүрийн амьжиргааны зардал, нэг жилийн хэлний бэлтгэлийн төлбөр, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, онц сурлагатны тэтгэмж, дипломын ажил, судалгаа хэвлүүлэх зардал зэрэг хамрагддаг. Суралцах зэрэг болон сургуулиас хамаарч материал хүлээн авах хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд та энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 14)


 

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 15)

 

Фулбрайтын оюутны хөтөлбөр

АНУ-ын засгийн газраас санхүүждэг Фулбрайтын оюутны хөтөлбөрт Монгол улсаас жил бүр 10 гаруй оюутан хамрагддаг. Зөвхөн магистрын зэрэгт сурах боломжтой уг тэтгэлэг нь жил бүрийн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд өргөдөл хүлээн авдаг ба сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхай зэрэг мэргэжлүүдээр сурах иргэдийг түлхүү дэмждэг байна. Фулбрайтын тэтгэлэгт хамрагдсанаар та тээврийн бүх зардал, сар бүрийн хоол унд, орон байрны зардал, сургалтын төлбөр, визний зардал, суурьших зардал, эрүүл мэндийн даатгал, хөтөлбөрийн удиртгал уулзалт, аяллын зардал зэргээс чөлөөлөгдөх болно. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд (фото 16)

Эх сурвалж: www.buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)