ДОРНОД: ОБГ гурван үгт хаягаар дуудлага мэдээлэл авах программыг нэвтрүүллээ

Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар “What3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Энэхүү гурван үгт хаягаар дуудлага мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээр аливаа аюул ослын байршлыг цаг алдахгүй тогтоох юм.

Малчид байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдлийн үед төөрөх, уруудах, гол усанд живэх, цасанд суух, аялал зугаалгаар яваа иргэд зүг чигээ алдах, төөрөх зэрэг үед өөрийн байршлаа хэлж мэдэхгүйгээс эрсдэлд ордог. Тодруулбал, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “What3word” программыг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой болжээ.

“What3words” нь дэлхийн газрын гадаргууд 3x3 метрийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдахгүй гурван үгээр хаягжуулж өгсөн программ юм.  Аппликейшн болон цахим газрын зургийн сайтыг иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран playstore болон appstore-оос татаж суулгахыг зөвлөлөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)