ЗАВХАН: Судалгаа, үндэслэлгүйгээр загас агнуурыг хийх нь тухайн экосистемийг устгах аюултай

 Тус аймгийн Улаагчны Хар нуурт Монгол оронд тархдаггүй байсан цагаан зарам, омуль загасыг нутагшуулан үржүүлснээс хойш агнуурын нөөц бий болсон аж. Өнгөрсөн жил загасны нөөц, тархалтын судалгааг хийж, хууль бус агнуурыг хэрхэн зохицуулах. Тус нуурын загасыг хуулийн дагуу, агнуурын зориулалтаар үр ашигтай зарцуулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаарх тодруулгыг аймгийн БОАЖГ-аас тодрууллаа.

 -Улаагчны хар нуурын загасны нөөцийг тогтоох, агнуурын зорилготой ашиглах нь хэр үр дүнтэй байх талаарх мэргэжлийн байгууллагын судалгааг хийжээ?

-Тиймээ загасны нөөц тогтоох судалгааг 2023 онд хийсэн. Энэ талаар ярихаас урьтаж, Хар нуурт загас үржүүлж байсан түүхийг ярих нь зүйтэй байх.

УИХ- ын 2010 оны 1 сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуур орчмын 256300 га талбайг Байгалийн цогцолборт газар болгон Улсын тусгай хамгаалалтанд авсан юм.

Тус байгалийн цогцолборт газарт Улаагчны Хар, Бага, Жаахан, Баяннуурууд, Мухарт, Нарийн, Хүнгүйн голууд хамрагддаг.

1978 оноос Өвөрхангай аймгийн Найман нуур, 1980, 1986 онуудад Байгаль нуурын загас үржүүлгийн заводоос Завхан аймгийн Улаагчны Хар нуурт Монгол оронд тархдаггүй байсан цагаан зарам, омуль загасны тус бүр 3 сая авгалдайг нутагшуулан үржүүлнээс хойш загас үржин олширч улмаар агнуурын нөөц бий болсон байдаг.

Ингээд 1995-1996 онуудад Улаагчны Хар нуураас анхны загас агнуурыг хийсэн байна. 1999-2000 онд цагаан зарам, омуль загасыг агнаж ОХУ-ын Тува улсад экспортолж байжээ.

 

Харин 2005 оноос нутгийн иргэд загас агнуурыг хийж эхэлсэн ба одоог хүртэл хууль бусаар олборлож байна.

 

Тиймээс Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Завхан аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улаагчны Хар нуурын загасны тархац, нөөц, зүйлийн бүрдлийн харьцааг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох ажлыг хийх шаардлага гарсан юм.

Улаагчны Хар нуурт хийгдэж буй хууль бус загас агнуур нь загас олборлож байгаа нутгийн иргэд болон хамгаалалын байгууллага улмаар хууль шүүхийн байгууллагад ч шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. 

Амьтны тухай хуулийн 6.1.5 дах заалтад амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулахаар хуульчилсан байдаг. Тиймээс бид Улаагчны хар нуурын загасны нөөцийг тогтоож зөв зохистой ашиглалт явуулах замаар хууль бус ан агнуурыг багасгах. Хуулийн дагуу агнуурын үйл ажиллагааг зохион байгуулж, тухайн сум орон нутагт төсөв бүрдүүлэн, буцааж хуулийн дагуу нуурын экосистем болон загасны нөөцөд хяналт тавих, судалгаа мониторингийн ажлыг хийх зэрэг олон зорилготойгоор судалгааны ажлыг хийсэн юм.

-Судалгааг ямар байгууллага хийсэн бэ?

-2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдасны дагуу аймгийн худалдан авах ажиллагааны албанд тендер зарласан бөгөөд  ШУА-ын Биологийн Хүрээлэн шалгарч судалгааны ажлыг хоёр үе шаттайгаар хийж судалгааны дүгнэлт, тайланг хүлээлгэн өгсөн. Энэ судалгааны гол зорилго нь Улаагчны хар нуурын загасны нөөцийг тогтоох, тоо толгойн хөдлөл зүй сүргийн биологийн тэнцвэрт байдал, нас, өсөлт, нөхөн төлжилтийн судалгааг хийх.

Мөн сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор жилд ашиглах боломжит нөөцийг нь тогтоох, загасны идэш тэжээл болох хөвөгч амьтдын нөөцийг илрүүлэх. Загасны амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй нөлөөллийг тодорхойлох, цаашид сөрөг нөлөөллийг бууруулах, ашиглалт хамгаалалтын талаарх санал боловсруулан тусгах юм.

-Судалгаагаар загасны нөөц хэрхэн тогтоогдсон бэ?

-Цагаан зарам загас мөнгөлөг цайвар өнгөтэй, толгой, сэрвээ, нурууг дагасан бүдэг бараан толботой. Монгол оронд тархсан цагаан загасны овгийн зүйлүүдээс ялгаатай нь бие нь махлаг, өндөр байдаг. Биеийн урт 44-55 см, жин 2.5-3 кг заримдаа 5 кг хүрнэ. Цагаан зарам загасны дээд эрүү нь доод эрүүгээс арай урт, хөвөгч амьтнаар хооллоход зохицож ам нь дээр байрласан байдаг бол, Улаагчны Хар нуурын цагаан зарам загас эхний жилүүдэд хөвөгч амьтнаар хооллож байсан бол сүүлийн жилүүдэд нийт загасны 90 гаруй хувь нь ёроолын амьтан, тэр дундаа шаймий хавчаар хооллож байна.

Заламгайн өргөс 49-68 ширхэг. Цагаан зарам загаснь Евро азийн нууруудад 12 хүртэл насладаг гэж эрдэмтдийн эх сурвалжид дурьдагдсан байна. /Решетников, Мухачев 1989; Попов, 2007/.

Тэгвэл Улаагчны Хар нуурт нутагшуулсан цагаан зарам загас 2005 оны судалгаагаар 1+ ээс 11+ хүртэл насны бодгалиуд жигд тархаж, агнуурт ашиглаж байгаа 40-50 мм нүхтэй заламгайн торонд 6-7 насны загас өртөж байна.

Судалгаагаар хууль бус агнуурыг жил бүр эрчимтэй явуулснаар сүүлийн жилүүдэд нууранд 3+ настай загас дийлэнх хувийг эзэлж байна. 

Насны бүрэлдэхүүнд 3+ насны залуу бодгаль зонхилж байгаа нь хэт их агнуур хийгдэж байгааг илтгэж байгаа юм.

Нуурын загасны тархалт биомасс нь нуурын усны гүн, идэш тэжээл амьдрах орчин, үржлийн биологи, улирлын хөдлөл зүй болон бусад хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байна. Нуурын нийт  8450 га талбайн нэг га талбайд 50-1000 ш загас л тоологдож байна. Гэж судалгаагаар гарсан нь хамгаалалын зөв механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж харагдаж байна.

-Тэгэхээр нуурын загасны нөөц багасаж байна гэсэн үг үү?

-Мэргэжлийн байгууллага нь загасны тархалт нягтшилыг гаргахдаа тархах талбай, тэмдэглэгдсэн загасны дундаж тоо, дундаж жинг ашиглан тархалтын бүсийг зураглан, загасны биомассыг гаргасан.  

Тухайлбал загасны нягтшил багатай хэсэгт 50 ш/га бодгаль тэмдэглэгдэж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 2960 га талбайг хамарч байна. Түүнчлэн 100 ш/га бодгаль бүхий нийт талбай 4134 га, 300 ш/га бодгаль бүхий нийт талбай 620 га, 500 ш/га бодгаль бүхий нийт талбай 189 га, хамгийн их нягтшилтай 1000 ш/га бодгаль бүхий талбай 547 га тус тус эзэлж байна.

Улаагчны Хар нуурын агнуурын ашигтай талбайн биологийн нөөц 334.6 тн байна гэж судалгаагаар тогтоосон байна.

Загас нь байгалийн олон хүчин зүйлийн нөлөөнд өртөж популяцын бүтэц хэлбэлзэж байдаг.

Энэхүү нуурт хууль бус загас олборлолт 2005 оноос явагдаж байгаа бөгөөд тухайн жилүүдэд агнасан загасны олборлолтын мэдээ байхгүй байгаа нь загасны нарийвчилсан хорогдлыг тооцох боломжгүйд хүргэж байна гэж дүгнэсэн.

Тиймээс загасны нөөц, нөхөн төлжих чадварыг алдагдуулахгүйн тулд агнах зохист хэмжээ нь нөөцийн 15-20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл жилд агнах агнуурын боломжит нөөц 50-67 тн байна гэж судалгаагаар тогтоогоод байгаа юм.

 -Тэгвэл хуулийн дагуу, тухайн аймгаас жилд агнах загасны тоо хэмжээний саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, БОАЖЯ-аас  зөвшөөрөл олгосноор агнуурын үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж ойлгох уу?

-Тиймээ. Улаагчны Хар нуур нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны харьяалагдадаг бөгөөд Байгалийн цогцолборт газарт хамрагдах тул тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаар ан амьтны тооллогыг судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоож, төрийн захиргааны байгууллагаас өгсөн зөвшөөрлөөр батлагдсан хөтөлбөр аргачлалын дагуу амьтны сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг хийж болно гэсэн үндэслэлийг баримтлан боломжит нөөцийг ашиглаж болох юм.

Улаагчны Хар нуурын загасны тархалт, тоо ширхэгээр 

Цагаан зарам загас нь Монгол оронд Улаагчны Хар нуурт зориудаар нутагшуулан үржүүлсэн харь зүйл учраас тухайн нуурын экосистемийн бусад амьтан, ургамлын нөөцийг хамгаалах.

Хүн амын загасны хэрэглээг хангах, байгалийн ховор, ховордож буй зүйл загасны агналтыг бууруулах /монгол хадран/. Тухайн зүйлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүднээс тоо толгойг зохицуулах агналтыг мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнг үндэслэн зохицуулах ёстой юм.

Судалгаа, үндэслэлгүйгээр загас агнуурыг хийх нь тухайн экосистемийг устгах аюултай. Улаагчны хар нуурт жил бүр нутгийн иргэд болон бусад явуулын хүмүүс хууль бусаар загас олборлож байгаа нь сөрөг нөлөөтэй  байж болзошгүй юм.

Учир нь жилд ашиглах ёстой нөөцөөс хэтрүүлж байгаа бол тухайн зүйл загасны сүргийн бүтцэд сөрөг нөлөөтэй.

Тиймээс тус нуурын загас агнуурын нөөцийн судалгааг жил бүр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж судалгааны дүнг үндэслэн тухайн жилийн агнуур зохион байгуулалтыг нутгийн иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын хамтын оролцоотой нэг хяналтан дор зөв ашиглах, хамтран хамгаалах  нь зүйтэй гэдгийг л онцолж хэлмээр байна.

-Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)