"Орос хэлний багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх боломж нээгдэж байна"

Оросын шинжлэх ухаан, соёлын төв, РЦНК-д “Оросын хэл зүйн сургалт, Орос-Монголын соёлын харилцаа” сэдэвт боловсролын цуврал арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Россотрудничествогийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Хүмүүнлэгийн ухааны боловсрол, сорилтын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Орос хэлний багш нарыг чадавхжуулах, хэлний мэдлэг, заах арга зүйг нь дэмжих зорилготой гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан зарим багш нараас сургалтын үр дүнгийн талаарх сэтгэгдлийг сонссон юм.

Багш И.Ариунжаргал:Орос хэлийг видео ашиглан заах нь илүү сонирхолтой санагдсан

-Орос хэлний хичээл заадаг багш нарт  Оросын боловсролын шинэчлэлт өөрчлөлт,  чиг хандлагын талаар жил бүр мэдээлэл өгч, хичээл сургалтад анхаарах зүйлсийг зааж сургаж, туршлага хуваалцаж байх нь маш чухал. Энэ сургалтаас орос хэлийг видео хичээлээр зааж ашиглах нээлттэй хичээлээс их зүйл сурч авлаа.

Сүүлийн жилүүдэд манай улсад  залуу үеийнхний дунд, орос хэл сурах сонирхол нэлээд буурсан. Иймд жил бүр ийм арга хэмжээ зохион байгуулж байвал  туршлага солилцох талбар болж чадна гэж бодож байна.

Багш Б.Эрдэнэбат: Нээлттэй хичээлийн арга барилыг нэвтрүүлнэ

-ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудын мэргэжилтэн, багш нарын зохион байгуулсан лекц, дадлага болон нээлттэй хичээлүүд их таалагдлаа. Бидэнд зөвхөн гадаад хэл заах онолын үндэс суурийг тайлбарлаад зогсохгүй цаашид бидний ажилд бодитоор тус дэм болох орос хэл заах аргууд, өөрсдийн туршлагуудаас хуваалцсан чухал сургалт боллоо. 

Би анхан шатны бүлэгт орос хэл заадаг учраас хичээлээ  илүү сонирхолтой болгох, сонирхол татах, сэтгэл хөдөлгөх зүйлсийг үргэлж эрэлхийлдэг.  Нээлттэй хичээлээс сурч авсан хэл шинжлэлийн тоглоомыг  арга зүйн цуглуулгадаа заавал оруулна. Яагаад гэвэл тоглоомын хэлбэрээр,  хүүхдүүд шаардлагатай үг, хэллэгийг илүү хялбар, хурдан сурдаг.

Оросын хэл зүйн сургалтыг Монголд болон ОХУ-д  тогтмол явуулбал багш нарын ур чадварыг дээшлүүлэхээс гадна хойч үеийг сурган хүмүүжүүлэх, их сургуульд орос хэлээр боловсрол эзэмших зэрэгт тус дөхөмтэй байх болно.

Багш Б.Анхтуяа: Залуу багш  нараа ийм сургалтад хамруулах юмсан

-Орос улсын номын сангийн цахим аялал ой тоонд их буулаа. Би хувьдаа Москвагаар зочилж, номын сан болон бусад үзэсгэлэнт газруудыг үзэх сонирхолтой байсан. Хичээл сургалт үр өгөөжтэй, сонирхолтой байж чадлаа. Цаашид монгол багш нарыг ОХУ-д дадлагажуулаасай гэж бодож байна.

Хүн хэлийг орчинд нь маш сайн сурдаг. Мөн энэ сургалтыг цаашид илүү өргөжиж, хүрээгээ тэлэх байх гэж найдаж байна. Би аймгаасаа ганцаараа ирсэн. Ийм сургалтад илүү олон багш нарыг хамруулах юмсан гэж бодлоо. Манай аймагт орос хэлний залуу багш нар олон бий.

Багш Б.Балдандорж: Орос хэлний хичээлийг сонирхолтой болгох аргазүйд суралцлаа

- Оросын хэл зүйн сургалт маш өндөр сэтгэгдэл үлдээж байна. Сургалтын хөтөлбөрийг сайн зохион байгуулахаас гадна цахим арга хэмжээнүүд их таалагдсан. Мөн  "Орос үг дуулж, цээжил" гэдэг нээлттэй хичээл их таалагдсан. Хичээл заасан багш маань орос хэлний хичээлийг илүү тод, дурсамжтай болгох сонирхолтой арга барилтай юм байна. Заах арга зүйн энэ туршлагыг нь хичээлдээ нэвтрүүлнэ гэж бодож байна. Оросын хэл зүйн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж чадвал үр дүнтэй байх болно. Орос хэлний багш нарт нэг удаагийн арга хэмжээнээс илүү дадлага туршлага сууна, хэл дуудлага сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)