ОХУ-ын нэрт яруу найрагч Расул Гамзатовыг хүндэтгэн дурсав

Б.ТУУЛ

Зөвлөлтийн нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч Расул Гамзатовыг бид “Уулын хүн”, Дагестаны алдарт яруу найрагч гэдгээр нь сайн мэднэ.

“Дэлхий дээрх хамгийн өглөгч хүмүүс бол яруу найрагчид” гэдэг шиг алс зэлүүд, бөглүүхэн суурингийн даруухан яруу найрагч Р.Гамзатов Дагестан нутгийг дэлхийд таниулаад зогсохгүй, олон гайхамшигт уран бүтээлээрээ тэр “Дэлхийн хүн” болж чаджээ.

Оросын алдарт яруу найрагч Расул Гамзатов  эх орон, ард түмэн, төрөлх нутаг ус, хайр сэтгэлийг магтан дуулсан олон арван бүтээлээрээ тэр одоо ч бидний зүрх сэтгэлд үүрд амьдарсаар байх ажээ.

“Наша песня” хэмээх ийм нэгэн дурсамжит үдшийг Зөвлөлтийн их яруу найрагч Расул Гамзатовын мэндэлсний 100 жилийн ойд зориулан Улаанбаатар хот дахь “Русский Дом” буюу бидний сайн мэдэх РЦНК-аас зохион байгуулсан юм.

“Бидний дуу” гала концертод Монголын урлаг соёлын одууд хүрэлцэн ирж, Расул Гамзатовыг хүн төрөлхтөнд мөнхөлсөн олон уран бүтээлийг нь эгшиглүүлж, сэтгэлийн торгон утсыг хөглөв. Р.Гамзатовын урам зориг, уйтгар гуниг, сэтгэлийн дотоод хэлээр бясалгаж бичсэн олон шүлэг дуу болж, ОХУ-ын алдарт дуучид болох Анна Герман, Муслим Магомаев, Марк Бернес зэрэг олон уран бүтээлчдийн дуулснаар дэлхийн үзэгчдэд хүрсэн байдаг. Тиймээс “Бидний дуу” тоглолтод “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяа, Топ дива дуучин Ж.Алтанцэцэг, ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин Б.Амархүү зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж,  ая дуугаа өргөсөн юм. 

“Монгол-Оросын найрамдлын 63 дахь өдрүүд”-ийн финал болсон “Наша песня” тоглолтод Р.Гамзатовын алдарт бүтээлүүд болох “Нарлаг өдрүүд алга боллоо”, “Тогоруунууд”, “Хүсэл”, “Хайр”, “Ээжүүд”, “Шинэ жилийн үдэш”, “Тэр хүн биш гэж үү”, “Хайр”, “Бүүвэйн дуу”, “Амьддаа "Чи чадна" зэрэг гайхамшигт дуунууд эгшиглэв.

Гала тоглолтыг үзэхээр Монголын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ- төлөөлөгчид,  (Орос, Хятад, Беларусь, Казахстан), Монгол Улсад ажиллаж амьдардаг орос нөхөд, гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байв.

Тоглолтыг зорин ирсэн зочдод ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн  оюутан залуус, сурагч хүүхдүүд шүлэг найраг, дуу хуур, бүжиг жүжиг хосолсон үдшийг амжилт бүтээл, авьяас билгээрээ улам өнгөлж байлаа. Сонирхолтой нь, нэрт найрагчийн олон шүлгийг монгол хэлнээ хөрвүүлж, ном багцалсан Монголын нэрт орчуулагч, яруу найрагч, доктор профессор Д.Бор хүндэт зочноор уригдсан байв.

Мөн алдарт найрагч Расул Гамзатовын охин  Салихат Гамзатова аавыг нь дурсан суугаа үзэгчдэд хандан  видео мэндчилгээ илгээсэн нь тоглолтыг зорин очсон хэн бүхэнд гэнэтийн бэлэг болж чадсан юм. 

Яруу найрагчид энэ хорвоод өнө удаан амьдрахаар ирдэггүй ч тэд хүн төрөлхтөнд бүтэн эрин зууныг  бэлэглэдэг гэдэг юутай үнэн үг вэ?  Дагестаны яруу найрагч Р.Гамзатовын эх орон, эгэл жирийн амьдрал, ард түмэн, дайны тухай эргэцүүлсэн, түүний үзсэн харсан, мэдэрсэн бүх л зүйлс түүний бүтээлээр дамжин өнөөдөр бидний дурсамжинд үүрд мөнхлөгдөн  үлдэх ажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)