ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын ялалтын 85 жилийн ойд хүрэлцэн ирнэ

Б.ТУУЛ 

 Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой ирэх онд тохиож байгаа билээ. Түүхт ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ОХУ-ын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, дараах мэдээллийг өгсөн юм.   

Хэвлэлийн хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.

Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Засгийн газар хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович “Халх голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүхт ялалтын олон улсын ач холбогдол, халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан зэрэг түүхийн үнэнийг бид ирээдүй хойч үеийнхэнд болон амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүргэж ажиллахыг хүсэж байна" гэсэн юм.

Хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна “Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан бөгөөд халх голын тулалдаан нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, эх оронч үзэл санааны үр дүн байсан гэдгийг онцлоод, халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг угтсан бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явж буйг онцлон тэмдэглэлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Халх голын байлдаанд оролцож явсан монгол дайчид, амьд гэрч улам цөөрч буйг Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч Л.Мягмарсүрэн хэлж, залуучууд улс орныхоо түүхийг мартаж болохгүй гэдгийг санууллаа. 

Мөн "Ойн үеэр ОХУ-аас ямар зочид төлөөлөгчид ирэх вэ? Эрдэм шинжилгээний хуралд Оросын эрдэмтэд ирэх үү?" гэсэн сэтгүүлчдийн асуултад ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин:

-Би улс төрийн хүн биш учраас төр, засгийн түвшинд ямар зочид, төлөөлөгчид ирэх, төрийн албан ёсны айлчлалын талаар одоогоор мэдээлэлгүй байна. БНХАУ-д болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны 85 жилийн ойд урьж, ОХУ-ын төрийн тэргүүн урилгыг хүлээн авсныг та бүхэн мэдэж байгаа гэв.

Эх сурвалж: www.News24.mn

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)