Гүюг хааны захидлын дэвшилтэт технологиор үйлдсэн албан ёсны хуулбарыг Монголын талд бэлэг болгожээ

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ватиканы нууц номын санд хадгалагдаж байгаа Их Монгол Улсын хаан Гүюгийн захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг гардуулан өгчээ.

Тэрбээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ энэ тухайгаа, Эрт цагт 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан. Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай гэсэн юм. 

Тодруулга:

Ромын папын элч хар лам Плано Карпини Хархорум хотын ойролцоо байсан Шар ордод болсон Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюгийг хаан ширээнд залах ёслолыг дэргэдээс нь харсан гэрчүүдийн нэг юм. Тэрээр 1246 оны намар Гүюг хаанд бараалхаж, монголчуудыг загалмайн шашинд орж, Мажар зэрэг загалмайн шашинт орнуудыг эзлэн түрэмгийлснийхээ бурууг хүлээхийг шаардсан агуулгатай Ромын Папын захидлыг өргөн барьжээ. Улмаар Папын шаардлагыг няцааж, загалмайн шашинд орохоос татгалзасан төдийгүй Ромын Папыг өөрийн биеэр хүрэлцэн ирж дагаар орохыг анхааруулсан утгатай хариу захидлыг авч буцсан элч билээ. Плано Карпини энэ тухайгаа "Монголчуудын түүх" аян замын тэмдэглэлийн номдоо бичиж үлдээсэн юм. Ромын Пап-т илгээсэн Гүюг хааны захидал нь монгол, перс, латин хэлээр бичигдсэн хувилбаруудтай байсан гэж үздэг. Эдгээрээс перс хэлээрх захидлыг 1920 онд Польшийн лам Крилл Каралевский Ватиканы архиваас олж гэрэл зургаар хуулбарлан судлаач Массэд өгчээ. Массэ энэ захидлын анхны орчуулгыг хийжээ. Улмаар Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллио энэ захидлыг судлан дахин орчуулж, перс эх, орчуулга, тайлбарын хамт хэвлүүлж судалгааны эргэлтэд оруулсан түүхтэй. 

Ватиканы нууц архивт хадгалагдаж буй 1 метр 12 см урт, 20 метр өргөн, цардмал цаас дээр перс хэлээр бичиж, цаасны уулзвар наалт болон бичээсийн төгсгөлд Их Монгол Улсын хааны тамгыг хоёронтоо дарж баталгаажуулсан Гүюг хааны захидал нь өдгийн Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны 777 жилийн түүхийн гэрч, хосгүй үнэт өв юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Ватиканд айлчлахдаа Гүюг хааны захидал зэрэг Монголын түүхэнд холбогдох үнэт өвүүдтэй танилцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)