Х.Нямбаатар: Өсвөр насны охидыг фэйсбүүкээр уруу татаж, хүчирхийлсэн хэргүүд гарсаар байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр цахим гэмт хэрэг эрс өсөж байгааг анхааруулж, олон нийтэд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр энэ тухай хэлэхдээ 

-Өсвөр насны охидтой цахимаар танилцан, үерхэж нөхөрлөж буй мэт дүр эсгэн, улмаар тухайн охины биеийн зургийг авсны дараа охиныг айлган дарамталж, бэлгийн харилцаанд орсон, хүчирхийлсэн хэргүүд хэд хэд гарлаа. Иймд бид олон нийт, эцэг эхчүүдэд анхааруулж байна. Охидын итгэлийг авч, зураг бичлэгийг нь гартаа оруулсны дараа “Чиний зургийг ил тавина” гэж айлган, дарамталдаг байдал газар авч байна.  

Налайх дүүрэгт нэг этгээд бага насны хүүхдийг ийм замаар хүчирхийлэхээс өмнө нь цагдаа нар амжиж барьсан. Ийм төрлийн гэмт хэрэгт 10-11 насны охид өртлөө.

Хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарч, танихгүй хүнтэй фэйсбүүкээр найз болохгүй байх, чаатлахгүй байх, хувийн мэдээллээ өгөхгүй байх, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан зураг, бичлэгийг бусдад өгөхгүй байхыг анхааруулна уу?

Хэрэв танай хүүхдэд, найз нөхдөд бусдаас зураг видеогоо ирүүлэх санал ирсэн бол Эрүүгийн цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв. 

Манай улсад гарсан нийт гэмт хэргийн 30 хувийг цахим гэмт хэрэг эзэлжээ. Цахим орчинд хүүхдийн бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг өссөний зэрэгцээ цахим бооцоот тоглоом мөн их байна. Цахим тоглоомын газруудад манай улсаас маш их хэмжээний мөнгийг шилжүүлж байна гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)