“Boeing”, “Airbus”-тай өрсөлдөх БНХАУ-ын шинэ онгоц анхны нислэгээ үйлджээ

БНХАУ иргэний нисэхийн агаарын хөлөг үйлдвэрлэлд “Boeing”, “Airbus”-ийн ноёрхлыг бууруулахыг зорьж байна. Учир нь, “Boeing”, “Airbus”-тай өрсөлдөхөөр БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн агаарын хөлөг ням гарагт буюу "China Eastern Airlines" компанид нийлүүлэгдсэнээсээ хойш бараг зургаан сарын дараа анхны нислэгээ үйлдлээ.

Шанхай-Бээжин чиглэлийн “MU9191” нислэг 128 зорчигчийг амжилттай тээвэрлэж, БНХАУ-ын нийслэлд аюулгүй газардсаныг "People's Daily" агентлаг мэдээлсэн байна. Энэхүү нислэг нь “Commercial Aircraft Corp of China” буюу “Comac”-ийн удаан хугацаанд ажилласан төслийн үр дүн болж байна.

Агаарын хөлөг үйлдвэрлэгч тус компани 2008 оноос эхлэн нарийн биетэй нисэх онгоц үйлдвэрлэх төсөл хөгжүүлж, 2011 оноос “C919” онгоцны үйлдвэрлэлээ эхлүүлж байсан ч 2022 оны есдүгээр сар хүртэл нислэг үйлдэх албан ёсны зөвшөөрлөө аваагүй байсан юм.

99 сая ам.долларын үнэтэй “C919” онгоц нь одоогоор зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх зөвшөөрөлтэй бөгөөд "China Eastern Airlines" компани эхний ээлжид таван онгоц захиалсан аж.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нийлүүлэгдсэн эхний онгоц нь анхны нислэгээ үйлдэх хүртлээ 104 өдрийн турш туршилтын нислэг гүйцэтгэснийг "FlightRadar24"-ийн дата харуулж байна.

БНХАУ-ын хувьд иргэний нисэхийн агаарын хөлөг үйлдвэрлэлд “Boeing”, “Airbus”-ийн ноёрхлыг бууруулахаар зорьж буй аж. “Airbus”-ийн "A320neo" болон "Boeing"-ийн "737 Max" загварын онгоцнуудын захиалга 2030 он хүртэл дүүрсэн байгаа тул нарийн биетэй онгоц худалдан авахаар төлөвлөсөн агаарын тээврийн компаниуд өөр сонголт хайх хэрэгтэй болж магадгүй гэсэн үг юм.

“Comac” компани одоогоор “C919” онгоцны 1000 гаруй захиалга аваад байгаагаа мэдээлсэн ч тэдгээрийн ихэнх нь баталгаажаагүй байгаа аж. Ялангуяа тус компани тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр гадаадын компаниудаас хамааралтай тул эдгээр захиалгуудыг гүйцэд биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал: хөдөлгүүрээ "General Electric", "Honeywell International", "CFM International" компаниудаас авч байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)