“Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонсов

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгийн мэдээллийг сонслоо.

Тэрбээр танилцуулгадаа "2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Капитал" банкыг татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон. Татан буулгах ажиллагаа дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд нийтдээ 339.3 тэрбум төгрөгийн өр барагдууллаа. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байна. Хөгжлийн банкны 54.4 тэрбум төгрөг барагдсан. Энэ нь "Капитал" банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаагаар барагдаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус банкны удирдлагаар ажиллаж байсан н.Ариунболд гэгч Хөгжлийн банкны хохирлыг тодорхой үл хөдлөх хөрөнгүүдэд гэрээ хийж барагдуулсан байна. Даатгагдаагүй харилцах хадгаламж эзэмшигчдийн мөнгийг түргэн шуурхай олгох зорилгоор 50 тэрбум төгрөг зээлж авсны 39.2 тэрбум төгрөгийг нь барагдуулжээ. Хадгаламжийн даатгалын корпораци буюу Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар 20 сая хүртэлх төгрөгийн харилцах хадгаламж эзэмшигчдийн 44.5 тэрбум төгрөгийг барагдуулж, нийтдээ 339.3 тэрбум төгрөг барагдуулсан аж.

Түүнчлэн  тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 56.5 тэрбум төгрөгийг барагдуулснаас мөнгөн хөрөнгөөр 9.8 тэрбум, хөрөнгөөр 46.7 тэрбум төгрөг байна. Нийгмийн даатгалын сангийн 34.9 тэрбум төгрөгийг барагдуулснаас мөнгөн хөрөнгөөр 9.8 тэрбум, хөрөнгөөр 25.1 тэрбум төгрөг байгаа юм. Үүнийг нийтэд нь авч үзвэл 2019 оны 4 дүгээр сарын 8-нд тус банкнаас хохирсон 353190 харилцагч 672.1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Өнөөдөр 61 харилцагчийн 375.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулахаар ажиллаж байна гэв. Өр, төлбөр барагдуулах ажиллагаа Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулдаг.

Зээлийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд 6912 зээлдэгчийн 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн 93 хувь нь чанаргүй, муу зээл,  7 хувь нь хэвийн ипотекийн зээл байсан. Өнөөдрийн байдлаар 604 зээлдэгчийн 139.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагийн 130 тэрбум нь чанаргүй зээл, есөн тэрбум төгрөг нь хэвийн зээл. Энэ хугацаанд нийтдээ 111 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулаад, үүнээсээ 6308 зээлдэгчийн зээлийг төлүүлж, орсон орлогоор нь хохирол барагдуулсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)