ЭЕШ-Д ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ НЬ + САНУУШТАЙ ЗҮЙЛС

Шалгалтад өөрийгөө бэлдэх нь

1. ЭРТ БОСОЖ ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУХ

Шалгалттай өдрөө эртлэн босож хөнгөн дасгал хийн, өглөөний цайгаа уугаарай. Өглөөний цайгаа уухгүй байх нь анхаарал төвлөрөх чадварыг бууруулж, мэдээллийг эргэн санахад хүндрэлтэй болгодог сөрөг талтай.

2. ӨӨРТ ЭВТЭЙХЭН ХУВЦАС ӨМСӨХ

Шалгалт өгөх анги тань хэт хүйтэн эсвэл халуун байж магадгүй. Тиймээс амархан тайлж, өмсөж болохуйц цамц, хүрэм сонгохыг санал болгоё. Мөн хэт бариу хувцаслах нь танд шалгалтын турш таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй тул аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй хувцаслаарай.

3. ЖИШИГ МАТЕРИАЛЫГ САЙТАР АЖИЛЛАХ

Шалгалтын өмнөх сэтгэлийн түгшүүр нь сорилдоо уначих вий гэж санаа зовох, хангалттай бэлдэж чадаагүй юм шиг мэдрэмж төрөхтэй холбоотой. Гэхдээ шалгалтад орж ирэх асуултуудын ихэнх нь өнгөрсөн онуудын материал, жишиг тестүүдтэй маш төстэй байх тул бүү санаа зовоорой.

Шалгалтын өдрөө эртлэн босож, өмнө нь ажиллаж байсан жишиг материалуудаа гүйлгэн харахыг санал болгож байна. Мартсан томъёо, үг хэллэг, бодлогын шийдэл зэргээ сэргээх гайхалтай боломж шүү. Зайлшгүй санаж байвал зохих зүйлсээ флаш карт хийж түргэн хугацаанд цээжлэх боломжтой.

 

4. ХӨГЖИМ СОНСОХ

Хөгжим сонсонгоо хичээл хийнэ гэхээр зарим хүнд байж боломгүй зүйл мэт санагдаж магад. Угтаа хөгжим, хичээл хоёр төгс тохирдог нь хэд хэдэн судалгаагаар батлагдсан билээ. Жишээлбэл, та шалгалтдаа бэлдэх бүрдээ нэг л "playlist"-ээ сонсдог гэж төсөөлье. Тэгвэл эл хөгжмийн хэмнэл, өнгө аяс таныг тухайн хугацаанд сурсан зүйлсээ санахад туслах болно.

5. СӨРӨГ ХҮМҮҮСЭЭС ХОЛ БАЙХ

Шалгалтдаа байнга санаа зовж байдаг хүмүүсийн хажууд байх нь таныг ч гэсэн бага зэрэг сандрахад хүргэдэг. Тиймээс шалгалт өгөх өдрөө сөрөг энергитэй, түгшүүртэй хүмүүсээс зайлсхийж, өөрийгөө тайван байлгахад бүхнээ зориулаарай.

6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Дасгал хийх үед серотонин хэмээх даавар "сайхан мэдрэмж"-ийг нэмэгдүүлдэг бөгөөд удахгүй болох шалгалт хэрхэн явагдах талаар эерэгээр төсөөлөхөд тань тусална. Нэмж дурдахад дасгал хөдөлгөөн нь таныг стрессээс ангижруулдаг тул санаа зовоосон олон зүйл байвал дулаан цаг агаарт алхаад үзвэл ямар вэ?

7. ОРОО ХУРААГААД, ӨРӨӨГӨӨ ГЯЛС ЦЭВЭРЛЭХ

Ороо хураахгүй гэрээсээ гарах нь далд ухамсарт тань залхуу, бүтээмжгүй сэтгэлгээг бий болгодог. Энэ сэтгэлгээ нь бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд таны шалгалтад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс гарахаасаа өмнө ороо хураахаа мартуузай.

ЭЕШ-тай холбоотой санууштай зүйлс

 

ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР ОЧИХДОО БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Бүртгэлийн хуудас

2. Суудлын хуваарь

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх

 

1. ХОЦОРЧ БОЛОХГҮЙ

ЭЕШ өгөх журманд сурагчид шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангидаа суудлаа эзэлсэн байх хэрэгтэй гэж заасан байдаг. Гэхдээ манай улсын хувьд түгжрэлд орох өндөр магадлалтай тул аль болох гэрээсээ эрт гарахыг санал болгоё. Хамгийн багадаа 30 минутын өмнө шалгалтын байранд суудлаа эзлэн, бэлтгэлээ хангаад сууж байвал сайхан л биз дээ? Ганцхан минут хоцрох төдийд л шалгалт өгөх боломжгүй болно шүү дээ.

2. КОВИД ТУССАН Ч САНАА ЗОВОЛТГҮЙ

Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, ханиалгаж найтаалгасан сурагчдыг тусгай бэлтгэсэн ангид оруулж, шалгалтыг нь авах аж.

3. ШАЛГАЛТАД ӨӨРИЙГӨӨ Л АВЧРАХ

Шалгалтад гар утас, тооны машин, томъёоны лавлах, ном, дэвтэр байтугай ноорог цаас ч оруулах хориотой тул эдгээр зүйлсийг авч орно гэж саналтгүй биз ээ. Сурагчдын хамгийн түгээмэл авчирдаг эд зүйл бол гар утас юм. Нэвтрэх хэсгээс эхлээд л шалгуулагчид таныг утсаа гадаа байгаа хүнд эсхүл гэртээ үлдээхээс нааш оруулахгүй тул өөрийгөө ийм аюулд битгий оруулаарай.

4. ЦАГАА ТӨЛӨВЛӨХ

Математик, физик, хими зэрэг бодолттой хичээлийн даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал зэрэг уншиж ойлгох зүйл ихтэй хичээлийн шалгалтын хугацаа 80 минут үргэлжилдэг. Тиймээс өөрт оногдсон алтан цагаа сайтар төлөвлөн, оновчтой хуваарилахад анхаарлаа хандуулаарай.

5. ХАРИУЛТЫН ХУУДАС

 

Хариултаа баттай сонгочхоод, БҮТ-өөс (Боловсролын үнэлгээний төв) тарааж өгсөн балын харандаагаар хариултын хуудсаа бөглөх ёстойг санаарай. Хариултын хуудас дээрээ хариуцлагагүй, анхааралгүй хандсанаас болж цаг алдах, буруу хариултаа мэдэлгүйгээр будах зэрэг асуудал гарах нь элбэг.

6. БАГАНАН КОД 

Сурагчдын түгээмэл алддаг хэсэг бол баганан код наах хэсэг юм. Энэхүү код нь таны шалгалтын материалын нууцлалыг хангахад туслах хэрэгсэл тул анхаарал болгоомжтой хандах нь зүйтэй. Багш нарынхаа өгсөн зааврын дагуу, хариултын болон шалгалтын дэвтэр дээр наахад л болно.

7. АНХНЫ ОНОО

Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлдэг тул урьдынх шиг олон хоног хүлээх шаардлагагүй болсныг та мэдсэн үү?

Энэ шийдэл эерэг болон сөрөг талтай. Жишээлбэл, та хоёр хичээлээр шалгалт өгч, их сургуульд элсэх гэж байгаа гэж бодъё. Эхний шалгалт дээрээ тааруу оноо авлаа гэхэд нөгөөх дээрээ алдсан оноогоо нөхөж, сайн оноо авах боломжтой. Гэхдээ эсрэгээрээ зарим хүмүүс нэг хичээл дээрээ уначихвал дараа дараагийн сорилдоо сэтгэл хөдлөлөөр хандаж, баллах аюултай. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйтэй 100 хувь хамааралтай болов уу.

8. ХЭМЖЭЭСТ ОНОО

Харин хэмжээст буюу 800 онооноос бодогдох оноо тань шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор eec.mn вэбсайтын "шалгуулагчийн булан" хэсэгт орсон байх болно. Энэхүү оноог бодохдоо анхны оноо нь хамгийн өндөр сурагчийг 800 гэж үзээд тооцож гаргадаг оноо юм.

Чамд Амжилт хүсье♡

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)