Зуун дамжсан найрамдалт харилцаа буюу Орос, Монгол хоёр улсын нөхөрлөл

Э.Бэрцэцэг

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож, энэ хүрээнд хоёр улсын зүгээс олон чухал арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Түүхийн шар хуудсыг сөхвөл, С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид тэртээх 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон байдаг билээ.

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад хүртэл гар нийлэн шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд өчигдөр, өнөөдөр, маргаашийн түүхийг холбосон, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн байдаг билээ.

Тийм ч учраас Орос, Монгол хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой энэхүү түүхэн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг хоёр тал өнгөрсөн онд тохиролцож, энэ оны туршид олон чухал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

“Монгол, Орос ахан дүүс энх тайван, сайн хөршийн хилээр холбогдсон”

2022 оны 12 дугаар сарын 3-нд ХIХ зууны оросын нэрт дипломат, төрийн зүтгэлтэн Александр Михайлович Горчаковын нэрэмжит Сангийн дэмжлэгтэйгээр "Орос, Монголын ард түмний дайны зам ба хөдөлмөрийн алдар" олон улсын эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Уг хурлын зохион байгуулагчаар түүхийн шинжлэх ухааны мэдээ мэдээллийг түгээгч, боловсрол соёлыг сурталчлан түгээгч залуучуудын байгууллага “Хангарьд” холбоо хамтран ажилласан юм.

Энэхүү хурал  Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болж, уг арга хэмжээнд ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж төгссөн Монголын нэртэй эрдэмтэн судлаачид, түүхийн ухааны доктор, МУИС-ийн эрдэмтэн багш нар, доктор профессорууд, Батлан хамгаалах их сургуулийн багш нар, ШУТИС-ийн профессор багш нар, оюутан залуучуудын хамт хүрэлцэн ирсэн байв.

 Хуралд оролцогчдын илтгэлээс онцолбол, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, зөвлөх, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,  түүхийн ухааны доктор, профессор Л.Хайсандай ОХУ буюу хуучнаар ЗХУ-д суралцахаар явж байсан тухайгаа дурсан ярилцаж, хэрхэн амжилттай суралцаж төгссөнөө илтгэлдээ дурьдсан байлаа.

Мөн тухайн үед ЗХУ-д төгсөгчдийн дундаас төр засаг, улс төрийн нэрт зүтгэлтнүүд, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёлын салбарын шилдгүүд олноороо төрөн гарсан. Өнгөрсөн зууны 90-ээд оны баримт мэдээгээр манай эрдэмтдийн 60 гаруй хувийг, инженер-техникийн ажилтнуудын 50 гаруй хувийг Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчид бүрдүүлж байсан. Ийнхүү Монголын үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн төлөвшүүлэх, манай улс ардын аж ахуй бүрэлдэн тогтоход Орос, Зөвлөлтийн боловсролын систем асар их хувь нэмэр оруулсан...” гэдгийг илтгэл тавихдаа онцлон тэмдэглэсэн юм.

Эрхэм докторын энэхүү илтгэл ирэх жилүүдэд ч бас ОХУ-ын олон хотод дээд, дунд, тусгай дунд боловсрол эзэмшиж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцохыг хүссэн хүүхэд залуус олон чухал мэдээллийг өгсөн, сонирхолтой илтгэлийн нэг байв.  

Дайны зам туулж Берлин хүрсэн монгол морьдын түүх

Мөн ОХУ-ын Цэргийн ухааны академийн сурвалжлагч гишүүн, Байгалийн улсын их сургуулийн гавьяат профессор, МУИС-ийн хүндэт доктор  Юрий Васильевич Кузьмин илтгэлдээ Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг онцлон тэмдэглээд, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн бахархам түүхийг орчин цагийн хүүхэд залууст сэргээн сануулж, хоёр улсын түүхийг хуурамчаар үйлдэж, худлаа бичихээс урьдчилан сэргийлэх, мушгин гуйвуулахгүй байхад анхаарч ажиллахыг хүссэн юм.  

 

 Мөн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний захирал Халх голын түүхэн үйл явдлуудад зориулсан нэвтэрхий толь болох “Түүхээ судал, түүнийгээ эргэцүүлж бод. Хоёр улсын энэ түүхэн харилцааг бид гуйвуулж, хуурамчаар бичиж өгүүлэхыг хэнд ч зөвшөөрөх ёсгүй” гэдгийг онцлоод, энэхүү түүхийг өгүүлсөн шинэ бүтээлийг хуралд ирсэн оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт танилцуулсан юм.

Түүнчлэн ОХУ-ын, Буриад улсын Улан Үд хотооос хүрэлцэн ирсэн Беларусийн Улсын Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн дэд профессор Г.Г. Болотов “Аугаа эх орны дайнд  монгол морь Зөвлөлтийн танктай хамт Берлинд хүрчээ” гэсэн сэдвээр лекц илтгэл тавьсан нь Монголын оюутан залууст сурах бичгийн хуудаснаас хальсан олон чухал мэдээллийг өгч, түүхэн бодит зургуудийг нүдээр үзэх боломжийг олгож, чухал тоон мэдээллийг дуулгаж байсан юм.

Энэ бүх илтгэлээс “Манай хоёр орон болон манай ард түмэн бие биендээ түшиг тулгуур болж, ажилчин хөдөлмөрчин, дайчин цэргийн бат бөх нөхөрлөлийн урт удаан замыг хамтдаа туулжээ. Орос, Монгол хоёр улсын иргэд хамтдаа хүнд бэрхийг даван туулж, энх цагийн амьдралыг бүтээн байгуулсан байна. Халхын гол дээр болон дэлхийн хоёрдугаар дайны үед ч  мөр зэрэгцэн тулалдаж, сансар огторгуйг хамтдаа судалж, шинжлэх ухааны хамтарсан нээлтүүдийг хийсээр иржээ” гэдгийг хуралд оролцсон оюутан залуус илүү тод ойлгож авснаа харилцан ярилцаж байсан юм.

 Хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг өргөжүүлэн хөгжүүлнэ

Хурлын төгсгөлд  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар (Россотрудничество)-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.В.Кильпякова энэхүү чухал эрдэм шинжилгээний хурлыг дэмжин ивээн тэтгэсэн А.М.Горчаковын нэрэмжит Сан ба хамтран зохион байгуулсан Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбоонд талархал илэрхийлээд, цаашид хоёр улсын зүгээс боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хоёр улсын зүгээс  орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдгээ дуулгасан юм.

Эх сурвалж: www.News24.mn

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.235.25.27)
Newsbox Манай хүүхэд энэ хуралд суусан. Түүх нийгмийн хичээлээс нь илүү сонирхолтой байсан гэж ирсэн. Баярлалаа
2022-12-19 Хариулах