ҮЗЭСГЭЛЭН: Шилдэг уран бүтээлчдийн сэтгэхүйн ертөнцөөр аялаарай

Э.Есөнзун

        Хүний сэтгэн бодох, дүрслэн бүтээх урлаг хязгааргүй. Тэрхүү урлан бүтээх үйлсийн яруу сайхныг бахдаж, гүн утгад нэвтэрч,  мэлмий оюунаа баясгах эрхэм үзэгч танд зориулж, Монголын Уран зургийн галерейн их танхимд “Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэн үүдээ нээжээ. Энэхүү үзэсгэлэнд монгол зураач, уран барималч, уран бүтээлчдын үзэл бодол хийгээд ур чадвар, гарын урыг гайхуулсан шилдэг 96 бүтээл тавигдсан байна

 Бүтээл тус бүр нь өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай байна.  Учир нь  эрхэм үзэгч та эндээс , Монголын сор болсон уран бүтээлчдийн уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникээр бүтээсэн оюун санааны эрэлхийлэл болсон олон гайхамшигтай бүтээлийг олж харах боломж бүрджээ.

Тухайлбал энд  хүн байгалийн уялдаа холбоог уран бүтээлчийн эрэл хайгуул, дотоод сэтгэлийн гүнээс өнгө будгаар зөөж авчирсан уран зураг, зөгнөлт бүтээлүүд ч цөөнгүй байна.

Мөн эртний монгол туульс, үлгэр домогт гардаг түүхийн баатруудыг түүхэн цаг хугацаа, орчин үеийн хөгжил дэвшилтэй нь уран сэтгэмжээр холбосон, өөр өөрийн гэсэн гүн утга агуулгатай, нүүдэл, шийдэлтэй уран баримал, сийлбэрийн сонирхолтой бүтээл ч олон байна.

Тиймээс эрхэм үзэгч та энэхүү “Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэнд заларсан 100 орчим бүтээлээс зураач, уран бүтээлчдийн дотоод ертөнц, бодож бясалгаж хийсэн сэтгэхүйн орон зайд түр саатаж, сэтгэлийн их таашаалыг мэдрээрэй.

 Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны “Журам батлах тухай” 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах зорилготой үзэгчдэд хүрч байгаа юм байна.

 “Шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол энэ сарын 4-нд Монголын уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ” гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)