Хилчин бүсгүй “Дуун цацал” өргөх гэж байна

Caption

     Эх орны хилээс нийслэлийг зорин ирж, “Дуун цацал” нэртэй уран бүтээлийн тоглолтоо монгол түмэндээ толилуулах гэж буй  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хилчин, дуучин бүсгүй Дондогийн Очгэрэлтэй  уулзаж ярилцлаа.

-Мөрдэсөөр гоёсон хилчин бүсгүй монгол түмэндээ эгшгийн цэнхэр хадаг дэлгэх гэж байгаа юм байна. "Дуун цацал" энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?  

-Юуны түрүүнд дуунд хайртай монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний "Дуун цацал" тоглолт энэ сарын 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд болно. Энэ удаагийн тоглолтын онцлог гэвэл урлагийн замдаа эргэн орж, дуучин мэргэжлээрээ ард олныхоо сонорыг мялаах гэсэн хилчин миний сэтгэлийн дуудлага юм. Би мэргэжлээрээ Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байгаад, ханиа дагаад хил хязгаар руу явсан юм. Ажил амьдралаа хил, хилчидтэйгээ холбоод 16 жилийг ардаа үджээ. Харин саяхан цэргийн тэтгэвэртээ гараад, урлагийн замаа үргэлжүүлье гэж шийдсэн. Тийм болохоор уран бүтээлийн гараагаа энэхүү "Дуун цацал" тоглолтоороо эхлүүлж байгаа юм.  

-Тоглолтын бэлтгэл хэр жигдэрч байна вэ?  

-Тоглолтын бэлтгэл ажил бараг бүрэн хангагдаж байна. Манай ХЦДБЧ-ын удирдлага, хамт олон намайг дэмжиж тоглолтонд маань оролцож байгаад туйлын их баяртай байгаа. Танай сониноор уламжилан Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын удирдлага, хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

-Таны хувьд арваннэгдүгээр сарын 9 тусгайлсан онцлог өдөр юмуу. Яагаад ингэж асууж байна гэвэл яг 11 жилийн өмнө яг энэ өдөр та нийслэлд анхны тоглолтоо хийж байсан санагдах юм?  

-Онцлог өдөр биш ээ. 11 жилийн өмнөх зайтай хоёр тоглолтын өдөр зүгээр л ингэж таарсан.Сонин тохиолдол байгаа биз. Билэг дэмбэрэлтэй, ерөөлтэй сайхан өдөр байна гээд билэгшээж л сууна. 

-Таны тоглолтын гол дэмжигчид хэн бэ?                                   

-Миний тоглолтын гол дэмжигчид бол  "Хилчингоо" группийн хилчин бүсгүйчүүд. Зорилго нэгтэй сайхан бүсгүйчүүдээрээ маш их бахархдаг даа.

Caption

-Ингэхэд дуурийн дуучин хүн яаж яваад эх орны хил хязгаартай холбогдчихсон юм бэ?  

-Энэ их түүхтэй. Яривал цаг их орно. Хувь тавилангийнхаа зургаар л хил гэж юу болох,  хилчин гэж хэн болохыг жинхэнэ утгаар нь танин мэдэж, мэдэрсэн он жилүүд байлаа.

Эх орны торгон хил дээр торго шиг нандин зөөлөн сэтгэлтэй, хүний дээд болсон хүмүүс очдог. Тэднийгээ тодорхойлж хэлэхэд гоё үгс ч багадах байх.

Хил, хилчид минь сэтгэлийн минь орон зайг тэр чигээр нь эзэгнэдэг, тийм л аугаа хүмүүс эх орны хил дээр ажиллаж амьдардаг.

-Энэ хугацаанд та хилийн аль отряд,заставт ажиллав?                      

-Энэ хугацаанд Хилийн 0306, 0129, 0214 дүгээр ангиудад ажилласан.Хилийн 0306 дугаар ангид ажиллаж байхдаа ангийнхаа түүхт 75 жилийн ойг угтаж хилийн отрядоос анх удаа хотод Монгол бөхийн өргөөнд  "Дуулахгүй яаж явах юм бэ?" уран бүтээлийн тоглолтоо хийсэн маань маш гоё дурсамж болон үлджээ. Энэ нөгөө 2011 оны 11 дүгээр сарын 9-нд болсон тоглолт юм.

-"Хилчингоо" гэж төрийн бус байгууллага байдаг уу эсвэл сайн дурын групп үү?

-Хилчин бүсгүйчүүд нэгдсэн сайн дурын грүпп юм. Би админ буюу тэргүүнээр нь ажилладаг.  "Хилчингоо" групп маань үе үеийн хилчин бүсгүйчүүдийн сайн дурын нэгдэл гэсэн үг. Бид нэгдээд дөрвөн жил болж байна.

Энэ хугацаанд хилчин бүсгүйчүүдийнхээ төлөө сайн үйлсийн болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Хилчин хэмээх агуу том нэг овогтой бүсгүйчүүд нэгдвэл ямар хүчирхэг, хүнлэг болохыг нийгэмд харуулахын төлөө ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад, тун удахгүй  "Хилчингоо" грүпп маань ТББ болох гэж байгаа гэсэн сайхан мэдээ дуулгая.

-Хил, хилчдээрээ гоёсон таны "Дуун цацал" тоглолтонд амжилт хүсьe. Та ярилцлагынхаа төгсгөлд үгэн цацал өргөж болно шүү?

-Баярлалаа. Хилдээ хайртай, хилчиддээ хайртай гэж хэлье. Мөн дуунд хайртай монгол түмэндээ, үзэгч олондоо мэхийн ёслоё. Эх орны минь хил эгнэгт тайван амгалан байх болтугай.  

Ярилцсан: Монгол Улсын Онц Хилчин, сэтгүүлч Ц.Сарантуяа

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (127.0.0.1)
Туяа Уучилаарай хилчин бүсгүйчүүд мундаг шүү
2022-11-02 Хариулах
оогий Саяхан нэг хилийн эмэгтэй тоглолт болсон гэсэн хэнч танихгүй хэнч үзэхгүй билетээ 25000к гэж шахсан дуугийн нь байнга сонссор байгаад уйдсан хамт олон нь үзээгүй. Бас нэг хэнч танихгүй хилийн эмэгтэй ойрхон тоглотоо хийнэ билет нь шахаад эхэлсэн авахгүй байх хэцүү гэж хилийн цэрэг дотор жиг жуг хийцгээж байна гэнэ дээ. Билетийг нь авах шалтгаан нь дарга нарын авгай нар. тавилан юм даа. энийг мөрөөр нь мөшигдөг сэтгүүлч байна уу
2022-11-01 Хариулах
Туяа Уучилаарай хилчин бүсгүйчүүд мундаг шүү
2022-11-01