Баирма Владимировна Шомбуева: Буриад улсад хийн хоолойн төсөл дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой

Б.ТУУЛ

“Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2022” Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөсөн. Үзэсгэлэнд ОХУ-ын тэргүүлэх 20 их сургуулийн төлөөлөгч хүрэлцэн ирж оролцжээ. Энэ тухай ОХУ-ын Буриад улсын  Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Баирма Владимировна Шомбуеватай ярилцлаа.

-ОХУ-ын боловсролын үзэсгэлэн Монгол Улсад VII удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог, давуу талууд юу байв. Таны сэтгэгдлийг сонсъё?

-ОХУ-ын боловсролын үзэсгэлэн Монгол Улсад зохион байгуулагдаад, элсэгчид төдийгүй эцэг эхчүүдэд мэдээллээ нээлттэй хүргэх боломжоор хангагдсанд бид туйлын  баяртай байна. Гэхдээ өмнө нь энэ үзэсгэлэн бидний бодож төлөвлөж байсан шиг үр дүнг үзүүлж чадахгүй байсан.

Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК ажиллаж, боловсролын үзэсгэлэн яармагийг өөрсдийн хүчээр бие даан зохион байгуулж байгаа нь бас нэг том давуу талтай болсон.

“Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-д оролцохоор ОХУ-ын олон мужаас тэргүүлэх 20 их, дээд сургуулийн төлөөлөгч Монголд хүрэлцэн ирсэн. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын дөрвөн их сургууль, нэг коллежийн төлөөлөл  хүрэлцэн ирж, энэ үзэсгэлэнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсондоо баяртай байна.  

-Үзэсгэлэнд оролцож байгаа их сургуулиуд ОХУ-д суралцах монгол оюутнуудад тэтгэлгээр суралцах, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах гээд олон боломж санал болгож байсан. Буриад улсын их сургуулиуд ямар мэдээллийг чухалчлан хүргэсэн бэ?

-Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Монголд хүрэлцэн ирж, Русский Домын удирдлагатай уулзахдаа энэхүү үзэсгэлэнд Буриад улс хангалттай сайн оролцож, боловсролын арга хэмжээгээ танилцуулж чадахгүй байна гэдэг талаар санал солилцсон.

Буриад улсын хувьд, газар зүйн байршил ойр, хэл соёл ойролцоо, амьдралын өртөг хямд зэрэг олон давуу талтай.  Тэр утгаараа дээд боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг суралцуулах бүрэн боломжтой гэдгээ уламжилсан.

Мөн энэ удаагийн боловсролын үзэсгэлэнд оролцохдоо ч бас бид олон боломжит нөхцлүүдийг санал болгож байгаа. Буриад улсын зургаан их сургууль, коллеж бүгд өөрийн гэсэн сургалт мэргэжлийн онцлогийн дагуу урамшуулал, хөнгөлөлтийг санал болгож байгаа. Жишээлбэл, манай Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургууль гэхэд барилга, нисэх онгоц, машин механизм, хүнсний технологич,  биотехнологич, дизайн технологи, эдийн засаг, хууль эрх зүй,  төрийн захиргааны менежмент зэрэг нийт 50 гаруй мэргэжлээр өдөр, эчнээ ангид бакалавр, магистр, докторт элсүүлэн суралцуулна. Мөн В.Р. Филиппповын нэрэмжит Хөдөө аж Ахуйн их сургуульд мал эмнэлэг, агрономи, байгаль орчин, технологи, эрчим хүч, санхүү эдийн засаг, менежмент,  хүмүүнлэгийн салбарын 28 мэргэжлээр элсэлт авна.

Буриад улс нь хөрш зэргэлдээ байршилтай учраас санхүүгийн хэмнэлттэй, сургалтын төлбөр хямд байхаас эхлээд олон давуу талтай. Гэтэл ОХУ-д суралцах тухай мэдээллийг Санкт-Петербург, Новосибирс, Эрхүүд сурах мэтээр явцуу ойлгож, цөөхөн сонголт байгаа юм шиг ярьж тайлбарлах, мэдээлэх нь өрөөсгөл санагдсан. ОХУ-ын Боловсролын үзэсгэлэнд, тэр тусмаа ОХУ-ын Буриадын их сургуулиудад олон таатай боломжуудыг танилцуулж байгаа гэдгийг дуулгамаар байна.

-2021 оноос эхлээд ОХУ-ын Засгийн газраас 18 мянган тэтгэлэгт хөтөлбөрийг дэлхий даяар зарладаг болсон. Тэтгэлэгт хөтөлбөрөө цаашид үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж мэдээлээд байгаа. Монгол Улсад одоогоор хэчнээн оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой байгаа вэ?

-ОХУ-ын их сургуульд суралцаж боловсрол, мэргэжил эзэмших гадаад оюутнууд төлбөртэй суралцахаас гадна ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах сайхан боломж нээлттэй бий. ОХУ-ын Засгийн газраас  тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тоог цаашид үе шаттайгаар нэмэгдүүлж, 30 мянгад  хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

Монгол Улсад тэтгэлэгт хуваарийн тоог 2013 оноос эхлэн 300-500 хүртэл нэмэгдүүлсэн бол, 2021 онд бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 600 тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан. Энэ нь Монголын нийт хүн амын нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орж байдаг. Бидний хувьд боловсролын чанараа илүү сайжруулах, сайн сургалт явуулахад анхаарч ажиллаж байна.

Түүнчлэн ОХУ-д одоо амжилттай сайн суралцаж байгаа монгол оюутнуудад 2023 оноос эхлэн 20 мянган рублийн нэмэлт тэтгэлэг, урамшуулал олгох саналыг бас хэлэлцэж байна. ОХУ-ын боловсролыг хэн таашааж, чанартай боловсрол эзэмшихыг хүсэж байна. Хэн бидэнд итгэж найдаад, чин сэтгэлээсээ их зүйлийг сурч бүтээн байгуулахаар итгэл хүлээлгэн ирж байна. Бид тэр хүмүүст тусалж дэмжих болно.

-Таны төлөөлөн ирж оролцож байгаа Дорнод Сибирийн Технологи, удирдлагын их сургуульд одоогоор хэдэн монгол оюутан, гол төлөв ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургууль 1992 оноос эхлэн гадаад оюутнууд хүлээн авч сургаж эхэлсэн. Монгол оюутнууд бас суралцсан. Анхны гадаад оюутнуудаас 1998 онд төгссөн "Чингис хаан” банкны захирал Ганболдоос эхлээд хариуцлагатай ажил алба хашиж буй олон хүн бий. Түүнээс хойш 500 монгол оюутан сургуулиа амжилттай төгссөн байна. Үүн дээр манай Улаанбаатар дахь салбар сургууль төгсөгчдийг нэмбэл 1000 давна.

Харин одоо 12 монгол оюутан суралцаж байгаагаас хоёр нь тэтгэлэгтэй. Эдгээр оюутан нь барилга, техникийн аюулгүй байдал, хууль эрх зүй гэсэн мэргэжлүүдээр түлхүү суралцаж байна.

Caption

 -Ер нь цаашид ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэх боломжтой вэ?

 -Манай сургуулийн хувьд техникийн болон технологи, төрийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр оюутан бэлтгэх боломжтой. Хоёр улсын хооронд ОХУ-ын Сибирь дэх байгалийн хийн нөөцийг ашиглах, дамжуулах “Сибирийн хүч” гэсэн томоохон төслүүд яригдаж буй энэ үед энэ хийн хоолойн  төсөл дээр ажиллах инженер техникийн ажилтнууд, боловсон хүчнийг бэлтгэх боломжтой. Хамтын ажиллагааны хүрээнд бид хоёр улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэнг бэлтгэх, өөрсдийн боломжит давуу талуудаа санал болгож байгаа. Бидний хувьд аль болох Монгол Улсад дутагдаж байгаа боловсон хүчинг бэлтгэж өгөх сонирхолтой байна. Түүнчлэн бидний зүгээс хоёр улсын хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхыг зорьж байгаа.

-Энэ өдрүүдэд та бүхнийг Монгол Улсын их дээд сургуулиудтай уулзаж, хамтран ажиллах санал солилцсон гэж байсан. Ямар асуудлуудыг голчлон хэлэлцсэн бэ?

-Миний бодлоор монголчууд хэл сурах асар их авьяастай ард түмэн. Монголчууд их сайхан дуулдаг. Багаасаа дууны өнгө, сонсгол нь маш сайн хөгжсөн байдаг. Энэ нь аль ч орны хэлийг сайн  сурахад чухал нөлөөлдөг болов уу гэж боддог.

Мөн Буриад улс Монгол Улстай хил залгаа байхаас гадна амьдрах орчин нөхцөл гээд бүх талаараа ойролцоо учраас ойлголцоход хялбар байдаг. Тэр утгаараа миний бие ОХУ-ын Буриад улсын их сургуулиудад монгол оюутнуудыг урьж суралцуулахыг хүсэж, энэ талаарх мэдээллийг харамгүй өгч байгаадаа баяртай байна.

Мөн бид оюутан залуусыг манай улсад ирж суралцаасай гэж урихын сацуу Монголын их дээд сургуулиудтай хамтран ажиллахыг хүсч байгаа.

Одоогоор бид ШУТИС, ХААИС, “Этүгэн” их сургууль, Монголын үндэсний их сургууль зэрэг хэд хэдэн сургуультай хамтын ажиллагаатай байгаа. Мөн Монгол Улс дахь их сургуулиудын эрдэм шинжилгээний ажилд грант босгох ажил дээр хамтран ажилладаг.

-Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагуудтай өргөн хүрээнд хамтарч ажилладаг гэж сонссон?

-Бид маш олон төсөл дээр хамтран ажилладаг. Сүүлийн 2-3 жилийн жишээ авахад, Монголын их дээд сургуультай хамтарч Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Арьс шир боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал” HUB төсөл дээр хамтран ажилласан.

Түүнээс гадна Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академитай өөр олон төсөл дээр хамтран ажилласан байгаа. Энэ мэтчилэн бид манай сургуулийн Арьс ширний технологи боловсруулах тэнхимтэй хамтран ажиллах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтой гэдэг саналыг хэлэх хэрэгтэй байх. Учир нь, газарзүйн байршлын хувьд, Монгол Улсад арьс ширний нарийн мэргэжлийн технологич бэлтгэдэг сургууль манайхаас ойр байхгүй. Бусад сургууль нь нэлээд хол байршилтай.

-ОХУ-д суралцахаар жил бүр 300-аад мянган оюутан залуус дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Хэлний бэрхшээл тулгардаг байх. Орос хэлийг орчинд нь богино хугацаанд сурах боломжууд хэр байдаг  юм бол?

-Үзэсгэлэн зохион байгуулагдах гурван өдрийн хүрээнд хийсэн уулзалт ярилцлагууд дээр бид энэ асуудлыг бас хэлэлцсэн. Хуучин социализмын үед орос хэлийг маш идэвхтэй сайн сурч байсан. Харин одоо бол орос хэл мэдэх хүн ховордсон гэдгийг ойлгож байгаа. Мөн монголчуудын хувьд ахмад үеийнхэн орос хэлээр маш сайн ярьж байгаад бидний хувьд их баяртай байгаа.

Жишээлбэл, Дорнод Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургуульд төлбөртэй суралцахаар очсон оюутан 10 сар орос хэлний бэлтгэл курст явдаг. Дараа нь тухайн сургууль оюутныхаа хэлний асуудлыг шийдвэрлэхын төлөө санаа тавин ажилладаг.

Өөрөөр хэлбэл, бид хоёр сарын өмнөөс гадаад оюутнууддаа орос хэлний хичээлийг цахимаар болон танхимаар суралцахыг санал болгодог. Гэхдээ зарим оюутан орос хэлний онлайн хичээлийг тэр бүр үздэггүй нь харамсалтай санагддаг. Мөн гадаад оюутнуудаа суралцахаар ирэхэд “Танд орос хэлний мэдлэг нэмэлтээр сурах хэрэгцээ шаардлага байгаа юу” гэсэн асуумжийг авдаг. “Тийм” гэж бөглөсөн бол нэмэлт сургалтад хамруулдаг. 

-Ирэх хичээлийн жилд ОХУ-ын Буриадын их сургуульд хэдэн оюутан суралцах боломжтой вэ. Элсэгчдэд ямар шаардлага шалгуур тавьж байгаа бол? 

-Энэ асуулт хувиараа сургалтын төлбөрөө төлөх оюутанд хамаарагдаж байгаа гэж ойлгож байна. Яагаад гэвэл тэтгэлгээр суралцах гадаад оюутнууд өөр шаардлага, шалгуураар ордог. Бидний хувьд, зөвхөн монгол гэлтгүй бусад гадаад оюутнууддаа уян хатан нөхцөлтэй хандахыг хичээдэг.

Манай сургуулийн хувьд тухайн оюутныг амжилттай сайн суралцах, тав тухтай амьдрах орчныг маш сайн бүрдүүлсэн. Нийт таван ширхэг оюутны дотуур байртай. Сургууль болон сургалтын чанар, оюутны дотуур байр хангалттай сайн хангагдсан.

Хамгийн эхний шалгуур бол орос хэлний мэдлэг. Нэмэлтээр бас орос хэлний курст суралцаж болно. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээг эзэмшсэн байх ёстой. ОХУ болон Монгол Улсын боловсролын салбарт ЕБС-ийн гэрчилгээг хүлээн зөвшөөрнө гэсэн учраас Москва руу явуулж шалгуулах шаардлагагүйгээр хүлээн авч байгаа. Тиймээс сургалтын голч дүн А, В үнэлгээтэй, сурлага сайтай байх шаардлагатай. Мөн тухайн оюутны эзэмшихыг хүссэн мэргэжлийн чиглэл, элсэх сургуулийн зүгээс мэргэжлээс шалтгаалсан нэмэлт шалгалтуудыг авдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)

Сэтгэгдэл:
Таны IP: (34.228.213.183)