Швейцарын теннисчин Рожер Федерер зодог тайлж буйгаа мэдэгджээ

 Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг Рожер Федерер энэ сард Лондонд болох Лавер цомын тэмцээний дараа зодог тайлахаар болсноо мэдэгджээ. Өдгөө 41 настай Швейцарын теннисчин Их дуулгын 20 түрүү хүртсэн амжилт үзүүлсэн юм.

“Миний бие 24 жилийн хугацаанд 1500 гаруй тоглолт хийсэн. Харин одоо зодог тайлах цаг иржээ. Би өөрийгөө дэлхий дээрх хамгийн азтай хүмүүсийн нэг гэж боддог. Надад теннис тоглох онцгой авьяас заяасан бөгөөд би өөрийн төсөөлж байснаасаа ч илүү амжилтанд хүрч чадсан” гэж Р.Федерер “Instagram” хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр гэр бүл, хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлэхийн сацуу алтан үеийн өрсөлдөгчдөдөө хандан, “Би та бүгдэд маш их талархаж байна. Бид бие биедээ түлхэц өгч, хамтдаа теннисийг шинэ түвшинд аваачсан” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.

Р.Федерер 2003 онд Уимблдоны анхны түрүүгээ хүртсэнээсээ хойш эрэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн төрөлд ноёрхсоор ирсэн ч сүүлийн жилүүдэд өвдөгний бэртлийн улмаас тэмцээнд оролцоход хүндрэл учраад байсан юм. Тэрбээр 2020 онд өвдгөндөө хоёр удаа мэс засал хийлгэсэн ч дахин мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /France24/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)