Б.Гэрэлтуяа: Хогоо зөв ангилаад сурчихвал маш олон давуу талтай

Э.Ариунсанаа

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардаг. Тус хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Үүнээс болж, нийслэл хотод иргэдийн эрүүл аюулгүй, тохь тухтай амьдрах орчин бүрдэхгүй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс өгч байна.

Caption

НҮБ-ын санаачилгаар “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан.  Өдөрлөгийн үеэр  хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлдэг болон хог хаягдал дахин боловсруулдаг, дахивар хүлээн авдаг байгууллагууд нэгдэж иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг нээлттэй өгч байлаа.

 Энэ үеэр “Өнгө нэм” ТББ-ын сайн дурын ажилтнуудыг хариуцсан менежер Б.Гэрэлтуяагаас дараах мэдээллийг тодруулсан юм.

-Сүүлийн хэдэн жилд нийслэлээс зарим дүүрэгт хог ангилах савыг байршуулж, иргэдэд хогоо ангилан хаях мэдээллийг чамгүй их түгээсэн. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?

-Эх орноо, нийслэл хотоо хөрсний бохирдлоос аврахын тулд бид хамгийн түрүүнд хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүлэмжийн хий, метан хийн  зэрэг хорт хийг ялгаруулах үндэс болдог. Гэтэл манайд иргэдийн хогоо ангилж хаях ухамсар,мэдлэг дутмаг хэвээр байна. Цаашид бид илүү их хичээх хэрэгтэй.

-Байгальд жилд дунджаар хэр их хог хаягддаг юм бол?

-Жилд дунджаар 2,12 тэрбум тонн хог хаягдал байгальд хаягддаг. Тиймээс иргэд, ялангуяа хүүхэд залуус бид  хогоо ангилж, дахин боловсруулах хэрэгтэй байна. Хүмүүс хогийг ангилан ялгах хэцүү гэж боддог. Анхнаасаа зөв ангилаад сурчихвал маш олон давуу талтай. Орон сууц, гэр хороолол гээд ямар ч нөхцөлд хогоо ангилан ялгах боломжтой. Орон сууцанд амьдардаг хүмүүс тагтан дээрээ ч юм уу, ашиггүй талбай дээрээ хогоо ангилах боломжтой. Цэвэрхэн уут, хайрцагт хийж төрөл төрлөөр нь эхнээсээ цэгцтэй ангилаад байвал дахивар хаягдлууд хоорондоо холилдож халтар болохгүй. Мөн шил, лааз, ундааны сав зэргийг усаар зайлж ялган хадгалж байгаад түүхий эд авдаг цэгүүдэд өгдөг. Ингэж дадсанаар байгаль орчинд ээлтэйгээс гадна, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой.

-Танай байгууллагаас иргэдэд энэ талаарх зөвлөгөө мэдээллийг байнга өгдөг үү?

 -Манай байгууллагын хувьд аймаг, орон нутаг, аж ахуй нэгж, СӨХ, хотхон болон томоохон эвентүүдтэй хамтарч ажилладаг бөгөөд тэдэнд хог хаягдлын менежментийн зөвөлгөө өгдөг. Тодруулбал, гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж,  хог хаягдлын судалгаа, ангиллын савнуудыг байршуулдаг бөгөөд дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэлт хийдэг. Одоогоор орон нутагт, тэр дундаа Хэнтий аймагтай хамтарч судалгаа, шинжилгээний ажил эхлүүлээд байна.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)