АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо хүрэлцэн ирлээ

 Б.Туул

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор өнөөдөр Узбекистан Улсын Самарканд хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрбээр өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёёв-той уулзах юм.

Монгол Улс энэ сарын 15-16-нд болох ШХАБ-ын хуралдаанд ажиглагчийн статустай оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн, ажиглагч орны төрийн тэргүүн нартай 2 талын уулзалт хийхээс гадна Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтад оролцож, стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн тухай ярилцана. 

Торгоны замын гол хотуудын нэг, эртний түүхтэй Самарканд нь тус улсын Ташкент, Наманган, Андижаны дараа орох дөрөв дэх том хот аж.

Узбекистан нь Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Туркменистан улстай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Нийт 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, хэмжээгээр дэлхийд 51-д бичигддэг. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс нэрээр тусгаар тогтнон, НҮБ-д 1992 онд элсэн бүрэн эрх олжээ.

Ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай тус улс 34 сая хүн амтай, олонх нь исламын шашинтай. Түүнчлэн, хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий зэргийг дотоод, гадаадад борлуулдаг бөгөөд ДНБ-ий хэмжээгээр 194 улсаас 69, нэг хүнд ногдох дүнгээр 135-р байрт бичигджээ. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)