Д.Баярмаа: Төр иргэдтэйгээ ярилцахгүй байна

Э.Ариунсанаа

        Монгол Улсад хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Энэ өдөр 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлатай.

Тэгвэл энэ жилийн энэ өдөр Монголд орчин үеийн хэлмэгдүүлэлт үргэлжилсэн хэвээр байна гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байна. Тэдний зарим нь үзэл бодлоо илэрхийлэн суулт зарлаж байлаа.  Энэ үеэр хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд лоозон барьсан иргэн Д.Баярмаагаас зарим мэдээллийг тодруулсан юм.

-Та хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ямар учир шалтгаантай сууж байгаа вэ?

-Би хоёрдугаар сарын 20-ноос эхэлж төрийн ордонг тойроод богино цагаар суулт хийж байгаа. Өнөөдөр Монголын төр өөр рүү нь хандаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ цагдан хорьж, хэлмэгдүүлж байна. Хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд буруу гэж бодвол шүүмжлэх, хардах ч эрхтэй. Гэтэл үгээ хэлж байгаа иргэдтэйгээ төр ярилцахгүй, ойлголцохгүй шууд хорьж байгааг буруу гэж үзэж байна.

Хэрвээ төр засаг өөрийн зөв гэж үзвэл тайлбарлаж, ярилцаж ойлголцож болох байтал цагдаа, тагнуул зэрэг байгууллагуудаа ашиглан шууд хорьж цагдаж байгааг буруутгаж байна.

-Таны барьсан уриа лоозонгуудаас харвал иргэн хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн утга бүхий шаардлагуудыг тавьжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Төр засаг, төрийн өндөрлөгүүд, Засгийн газрын гишүүд Монгол Улсынхаа иргэдийн үзэл бодлыг хүндэтгэж үзээч гэж хүссэн. УИХ-ын гишүүдтэй ярилцах, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хорьсон иргэдээ суллаач гэдэг байр суурьтай байгаа. Энэ талаар холбогдох баримт бичгүүдийг мөн хүргүүлсэн. Хариугаа хүлээж байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)