Доктор, профессор Жипин Пан: Тархи судлалд монгол хүний авьяас мэдлэгийг онцлох нь чухал

Э.Ариунсанаа

    Монгол Улсад “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тав дахь удаагаа амжилттай зохион байгуулаад байна. Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан уг  хуралд АНУ, ОХУ, Киргиз, Казакстан, Япон, Солонгос, БНХАУ, Малайз зэрэг орны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн үеийн судалгааныхаа ололт амжилтыг хуваалцсан юм. Энэ үеэр АНУ-ын Ратгерсын их сургуулийн эрдэмтэн доктор, профессор Жипин Пантай ярилцсанаа хүргэе.

-Таны хувьд Монголд зохион байгуулж буй энэ хуралд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Миний хувьд энэ хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цахимаар оролцож байсан бол энэ жил биечлэн оролцож, Монгол оронтой танилцаж байгаадаа баяртай байна.

-Энэ удаагийн хуралд та ямар  илтгэл тавьсан бэ. Тархины эд эсийн нэгдэл, хоорондын сүлжээ гэсэн сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байсан?

-Миний хувьд мэдрэлийн эсүүд хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажилладаг болох, ялангуяа тархинд байх 86 тэрбум эс хоорондоо нэг триллион холбоосуудыг хэрхэн холбоос үүсгэдэг, тэдгээр холбоосуудын талааар судалгаа хийж, танилцуулсан. 

-Таны илтгэлд тархи мэдрэлийн систем бол бүхэлдээ нэг том мэдээллийн сүлжээ юм гэсэн санааг тусгасан байсан.  Та манай уншигчдад  илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Мэдрэлийн системийн үндсэн суурь механизм буюу мэдрэлийн сенафсууд, тэдгээрийн  өмнөх төгсгөлөөс цэврүү хэрхэн ялгарч, цаашаа хэрхэн мэдээлэл дамжуулдаг, хэрхэн хүний мэдрэлийн систем ажилладаг тухай судалж байгаа юм.  Сенафсууд нь маш олон мэдрэлийн үйл ажиллагаануудад оролцдог үндсэн механизм бөгөөд шизофрен, аутизм зэрэг олон эмгэгүүд үүсэхэд ихээхэн хамааралтай байдаг.

Сенафсуудын зохицуулалт, үйл ажиллагааг ойлгож судалснаар мэдрэлийн эмгэгүүд болох шизофрен болон аутизм зэргийг ойлгох боломжтой болно. Жишээ нь, АНУ-д шизофрен өвчний тархалт хүн амын 1 хувьд, аутизм нь 8 хүүхэд тутмын 1-д тохиолддог тархалт өндөртэй эмгэг юм. Тиймээс энэ  судалгааныхаа үр дүнд цаашид эмчилгээний шинэ арга олоход туслана гэж найдаж байгаа.

-Дэлхийн олон улс орон тархи судлалын шинжлэх ухаанд  ач холбогдол өгч байна. АНУ-д энэ салбар шинжлэх ухааныг ямар бодлогоор дэмжиж, ажилладаг вэ?

-АНУ-д тархи судлалын судалгаа шинжилгээ болон энэ салбар шинжлэх ухааныг дэмжихдээ улсын болон хувийн байгууллагуудтай хамтарч дэмждэг. Тухайлбал, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийг дэмжих төв, Үндэсний шинжлэх ухааны хөгжлийг дэмжих төв зэрэг улсын статустай байгууллагуудаас тал хувийг нь дэмждэг.  

Мөн хувийн байгууллагуудаас нилээд их хэмжээний санхүүжилт, дэмжлэг орж ирдэг. Ялангуяа, залуу судлаачдыг дэмжих, тэтгэлэг олгох, судалгааны санхүүжилтыг түлхүү олгодог бөгөөд ингэснээр тархи судлалын салбар шинжлэх ухаанд залуус дурлаж, шинэ залуу эрдэмтэн судлаачдаар хүрээгээ тэлэх  боломжийг олгодог.

-АНУ-д тархи судлал ямар түвшинд хөгжиж байгаа гэж та боддог вэ?

-Тархи судлалын шинжлэх ухаан нь нийгэм, олон нийтэд өгөөж ихтэй тул дэлхий даяар энэ салбар шинжлэх ухаанд анхаарал хандуулж байна. Ирээдүйд энэ салбарын ололт амжилт амьдралд ихээхэн чухал нөлөөг үзүүлнэ гэж харж байна. Ийм учраас АНУ гэхэд нэг судалгаанд  1-3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг.

Санхүүжилт нь нэг дор орж ирдэг учраас  тухайн судалгааг хийж байгаа эрдэмтэн, судлаачид 3-5 жилийн хугацаанд судалгаагаа чөлөөтэй хийх боломж олддог. Энэ ч үүднээсээ тэргүүлэх орнуудтай ижил түвшинд явж байгаа болов уу гэж бодож байна.

-Манай улс тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлалтай хослуулан хөгжүүлэх эхний алхамуудыг хийгээд байна.  Тиймээс Засгийн газар болон шинээр үүсгэн байгуулагдаад буй хүрээлэнгийн зүгээс цаашид ямар асуудалд түлхүү анхаараасай гэж та бодож байна вэ?

-Хамгийн чухал зүйл нь авьяас. Монголчууд гурван сая хүн амтай, цөөхүүлээ хэрнээ оюун ухааны гайхалтай чадамжтай, авъяастай залуус олон байдаг. Тиймээс тэдгээр авъяастай залуу судлаачдыг дэмжих, тодруулж гаргаж ирэх нь хамгийн чухал юм.

Мөн Монгол орон  нүүдэлчдийн ахуй соёлтой, цаг агаар, амьдрах хэв маяг зэрэг олон зүйлээр бусад орнуудаас ихээхэн ялгаатай байдаг. Тиймээс энэ том соёлын өвөрмөц ялгаа, өөр ямар ч оронд байхгүй онцлог тохиолддог өвчин эмгэгээ судалж, илрүүлэх нь чухал. Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд маш олон төрлийн судалгаа шинжилгээ чухал ч Монгол Улсын хувьд эдгээр зүйлдээ түлхүү анхаарч хөгжүүлээсэй гэж бодож байна.

Түүнчлэн тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нь аль ч улс оронд асар чухал зүйл учраас Монголд энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх, хамтарч ажиллах, дэмжихэд Засгийн газрын зүгээс болон олон нийт, хувийн хэвшлийн зүгээс олон талт бодлогоор дэмжиж ажиллах байх гэдэгт итгэж найдаж байна. Тэр тусмаа олон нийтийн зүгээс энэ салбарт анхаарлаа хандуулж, залуу судлаачдаар хүрээгээ тэлж, судалгаа, шинжилгээ хийх боломж илүүтэй нэмэгдээсэй гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа

 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.235.140.73)
Newsbox Энэ АНУ эрдэмтэн үү? Хөрөнгө оруулалт сайтай газрын шу мундаг хөгжилгүй яах вэ
2022-08-26 Хариулах