BLACKPINK хамтлагийн “Pink Venom” нэртэй шинэ дуу цацагдлаа

Дэлхийн хамгийн алдартай BLACKPINK охидын хамтлаг хэдхэн хормын өмнө “Pink Venom” нэртэй шинэ дууныхаа клипийг танилцууллаа.

Хүчирхэг хип хоп хэмнэл болон солонгосын үндэсний хөгжмийн зэмсэг хослуулсан энэхүү дуу нь энэ оны есдүгээр сарын 16-нд олны хүртээл болох “Born Pink” нэртэй цомогт багтсан байна. BLACKPINK хамгийн сүүлд 2020 онд “The Album” нэртэй цомгоо гаргаж байсан ба “Born Pink” цомог нь хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний цомог болж байгаа юм.

Цомгийг сурталчлах ажлын хүрээнд нийт хоёр клип цацагдах ба “Pink Venom” клипнээс гадна удахгүй цомогт багтсан өөр нэгэн дууны клип шүтэн бишрэгчдийн хүртээл болох юм. Хамтлагийн харьяалагддаг YG Enterteinment лейблийн мэдэгдсэнээр “Pink Venom” дууны видео клип нь урьд өмнө байгаагүй өндөр өртөгтэйгөөр хийгджээ.

Сонирхуулахад, BLACKPINK хамтлаг энэ сарын 28-нд АНУ-д зохион байгуулагдах VMA шагнал гардуулах ёслолд уригдсан ба тэд тайзан дээр өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэх болно. Мөн тэд аравдугаар сарын 15-наас эхлэн дэлхий даяар аялан тоглолтоо хийхээр болсон билээ.

Эх сурвалж: Buro.Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.3.195)