Монгол Улсад Тархи сэтгэл судлалын хүрээлэн албан ёсоор үүдээ нээлээ

  Э.Ариунсанаа

Засгийн газрын 2021 оны 09 дугаар сарын 29-ний 299 дүгээр тогтоолоор ШУА-ийн харьяанд Тархи Сэтгэл судлалын хүрээлэнг албан ёсоор үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.  Тэгвэл тус хүрээлэн өнөөдөр албан ёсоор үүдээ нээж, өрхөө татаад байна.

Хэдийгээр тус хүрээлэн байгуулагдаад бүтэн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан ч цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан албан ёсны нээлтээ хийж хараахан амжаагүй юм байна.

Тиймээс өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 12-ны билэгт сайн өдөр ШУА-ын харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Олон улсын Тархи судлалын байгууллага (IBRO)-тай хамтран  “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон гадаад дотоодын зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын хамт ийнхүү хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, тууз хайчиллаа.

Хүндэтгэлийн ёслолд, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи инновацын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Баттүвшин, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн Инновацийн төвийн дарга З.Отгон, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Чимэддулам, Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх нар оролцлоо.

Мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн eрөнхийлөгч, профессор Пан Гил Сүү, АНУ-ын Ратгерсийн их сургуулийн доктор, профессор Жипин Пан, Япон Улсын Кёотогийн Их Сургуулийн доктор, профессор Тадаши Иса, Олон Улсын “Нейросайнс рисерч ноутс” мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Майкл Линг, ОХУ-ын Пушкиний нэрэмжит Улсын Орос хэлний хүрээлэнгийн Нейро-харилцаа судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.А.Варламов, Төв Ази дахь Америкийн Их Сургуулийн дэд профессор М.А.Элина нар оролцож, энэхүү түүхэн үйл явдлын учир утгыг илүү тодотгож өглөө.  

Д.Баттогтох: БШУЯ-наас тус хүрээлэнд хоёр том төслийг шинээр хэрэгжүүлнэ

Энэ үеэр БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох хэлэхдээ “ШУА-ийн харьяанд Тархи Сэтгэл судлалын хүрээлэнгийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Засгийн газрын тогтоолоор энэ хүрээлэнг байгуулах болсон маш олон шалтгааныг дурьдаж болно. Онцлоод хэлбэл, дэлхийн шинжлэх ухааны хөгжил асар хурдацтай хөгжиж байна.

Хиймэл оюун ухаан, тархи судлал, салбар дундын шинжлэх ухаан гэсэн трэнд үгнүүдтэй уялдаж, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг түлхүү хийсээр ирсэн. Тиймээс Монгол Улсын хувьд ч бас дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Мөн Монгол Улс хүн ам цөөтэй, энэ дунд шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид маш цөөн, үндсэндээ бараг 1500 эрдэм шинжилгээний ажилтантай байна. Энэ тоо дэлхийн дундаж үзүүлэлтээс харьцангүй доогуур орж байна. Иймд цаашид эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагуудыг төр засгаас бодолгоор дэмжиж, өргөжүүлэн хөгжүүлэх зорилго тавьж байна.

Өнөөдрийн энэ чухал арга хэмжээнд оролцож, “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын хуралд хүрэлцэн ирж, туршлага мэдлэгээ хуваалцаж байгаад туйлаас баярлалаа.

Бидний хувьд, энэхүү шинээр байгуулагдсан хүрээлэнгээ цаашид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хувьд бодлогоор дэмжих үүднээс БШУЯ-наас суурь болоод технологийн хоёр төсөл шинээр хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна” гэв.

 

Академич Г.Чулуунбаатар:

ШУА-ийн  16 хүрээлэн Тархи сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтарч ажиллана

ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх энэ чухал хүрээлэнг Монгол Улсад албан ёсоор байгуулаад байгаад туйлаас баяртай байна. Ялангуяа, өнөөдрийг тун чухал үйл явдлаар дүүрэн өдөр боллоо гэж тодотгож байна.

ШУА-ын харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Олон улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран  “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхлээд байна. Жил  бүр уламжлал болгон зохион байгуулж буй энэ хурлын үр дүн өнөөдөр эрдэмтэн судлаачид болон Монголын ард түмэнд тархи судлалын шинжлэх ухаан гэдэг үндсэн ойлголт мэдлэгийг өгч, эрдэмтэн судлаачид бид дэлхийн эрдэмтдээс суралцаж, шинийг дуулж мэдэх, судалгаа шинжилгээнд нэвтрүүлэх, эрдэм судлалын ажилдаа ахиц гаргах, шинэ үеийнхэнд суралцах, урам зориг, санаа сэдэл өгөх  зэрэг олон давуу талтай, чухал үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж харж байна.

Ялангуяа, олон улсын хуралд оролцож байгаа эрдэмтдийн тавьж буй илтгэлүүд, санал солилцож буй байдал зэргээс харахад, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн цаашдын зорилгыг тодорхойлох, төлөвлөгөөг илүү нарийн боловсруулах, хамтран ажиллах, залуу судлаачдыг туршлагатай эрдэмтэдтэй туршлага мэдлэг солилцуулах зэрэг олон давуу талтай болж байна. 

ШУА-ийн  16 хүрээлэн Тархи сэтгэл судлалын хүрээлэнтэй салшгүй холбоотой гэдгийг тодотгоод, цаашид олон судалгаа шинжилгээн дээр хамтарч ажиллах болно  гэдгээ илэрхийлье. ШУА-ын харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэн маань удахгүй өөрийн гэсэн байртай, барилгатай болж, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.

      ШУА-ын харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэн нь oдоогоор тархи судлал ба сэтгэл судлал гэсэн хоёр үндсэн тэргүүлэх чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүрээлэнгийн эрхэм зорилго нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцлөөр хангах, нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна.  

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)