Төрийн ордны зарим хэсгийг иргэдэд нээлттэй болгов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав.

Уг тогтоолыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар  өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 2 дугаар сарын 1-нд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан. Төрийн ордны нутаг дэвсгэрт ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчинг оруулан тооцдог. Үүнд Төрийн ордны урд зүгт байрладаг гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.

Тогтоолд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгажээ.

Тогтоолыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд УИХ-ын гишүүн Н.Энхболд уг тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг олонх дэмжиж, батлав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)