Батлан хамгаалах салбарынхан "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэв

Б.Оргил

 Батлан хамгаалах салбарынхан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн дэвшүүлэн тавьсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр БХЯ-нд  нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин ард иргэд, аймаг орон нутаг, салбарын хэмжээнд бүгд идэвхитэй оролцож буйг тэмдэглээд, өнөөдөр Батлан хамгаалах салбар өөрийн хүрээнд болон улсын хэмжээнд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийх ажлаа төлөвлөснөө танилцуулж нээж байна. Саяхан бид хэд хоногийн өмнө Хилийн цэргийн хүрээнд анги, салбар, отрядад хийгдэх ажлын талаар сонсож, үүрэг чиглэл өгсөн" гэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарт 3 том зорилт тавьсныг тэрээр онцоллоо. “Нэгд, батлан хамгаалах салбарт, зэвсэгт хүчний анги, нэгтгэл, салбарын харьяа анги, хилийн заставууд харьяа газраа мод тарихаас гадна зэрэгцэн байгаль, цаг уурын хамгийн хүнд нөхцөлд байдаг говийн бүсэд мод тарьж ойн зурвас байгуулахад цэрэг армийнхан оролцохоо илэрхийлж буйг таатай хүлээн авч байна.

Энэ хүрээнд зэвсэгт хүчнийхэн “Тавантолгой” болон “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтарч говийн бүсэд өрнөж буй томоохон бүтээн байгуулалт болсон шинэ төмөр замуудыг даган цөлжилтийг хязгаарлах ногоон зурвас бий болгох ажээ. 

Энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн жил Зүүнбаянгаас Тавантолгой чиглэлийн төмөр зам даган мод тарьснаар эхэлснийг албаны хүмүүс хэлэв. Энэ хүрээнд ХААИС болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран томоохон Ажлын хэсэг байгуулж, ногоон зурвас байгуулах ажлын тооцоо судалгааг хийж ТЭЗҮ-г боловсруулсныг дурдлаа. Энэ дагуу Зүүнбаянд мод үржүүлгийн томоохон механикжсан төв байгуулагдаж байгаа гэв. 

Энэ төвөөр дамжуулан говийн бүсийн цаг уур, газар нутгийн бүс бүслүүрийн онцлог нөхцөлд таарч тохирсон, шаардлага хангасан үр, үрсэлгээний томоохон төвтэй болохоор ажиллаж байгаа аж. 

 Тавдугаар сарын 14 гэхэд бүх салбарт нээлтээ хийж эхэлнэ гэдгийг албаныхан онцлов.  

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)