ОХУ лхагва гарагт Украин руу халдаж болзошгүй гэх мэдээллийг АНУ-ын эрх баригчид батлаагүй байна

ОХУ Украин руу лхагва гарагт халдан довтлохоор төлөвлөж байгааг илтгэн харуулсан АНУ-ын тагнуулын тайлан мэдээллийг тус улсын өндөр албан тушаалтнууд батлаагүй байгаа гэдгээ ням гарагт мэдэгджээ. Гэхдээ ОХУ-ын төлөвлөгөөний талаар мэдсэн зүйлсээ хуваалцах замаар “гэнэтийн халдлагаас” сэргийлэх оролдлого хийнэ гэв.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хувьд ОХУ Украин руу хэзээ ч халдан довтолж магадгүй гэдгийг давтан мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжиж, Умард Атлантын гэрээний байгууллагын нутаг дэвсгэрийг хамгаална гэдгийг илэрхийлсэн юм.

“Бид тухайн өдрийг бүрэн төгс урьдчилан таамаглах боломжгүй ч нөхцөл байдлыг ажиглаж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. ОХУ ойрын хугацаанд Украин руу халдан довтолж, тус улсад томоохон цэргийн ажиллагааг эхлүүлж болзошгүй байна. Үүнд Олимпын наадам дуусахаас өмнөх долоо хоног орж байна” гэж Ж.Салливан “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Украин нь НАТО-гийн гишүүн биш юм. 

Ням гарагт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мөн лхагва гаргийн товтой холбоотой мэдээллийг батлахаас татгалзжээ. “Миний хувьд тэдгээр мэдээллийг батлах боломжгүй байна” гэж тэрбээр “Fox News Sunday” нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр мөн ОХУ-ын цэргийн ажиллагаа хэзээ ч эхэлж магадгүй гэж ярьсан байна.

Цэргийн ажиллагаанаас зайлсхийхийн тулд Украины асуудлаарх Өрнөд, Москвагийн сөргөлдөөнийг зохицуулахыг оролдсон дипломат үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Тухайлбал, бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийтэй ярьсан талаар АНУ, Украины холбогдох төлөөлөгчид мэдээлсэн юм.

Ж.Салливан, Ж.Кирби нарын хэн хэн нь Украиныг орхин явахыг америкчуудад анхааруулсан мэдэгдлийг давтан хийсэн байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)