Японы Ерөнхий сайд Украины байдалтай холбогдуулан үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулжээ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Украины байдалтай холбогдуулан даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан байна.

Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдээлжээ.

“Зарим сайд нар оролцсон уг уулзалтын үеэр Ерөнхий сайд Кишида мөргөлдөөн болж болзошгүй бүсэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, түгшүүртэй байдлыг намжаах дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

"Япон улс Украины хил орчмын түгшүүртэй байдал нэмэгдэж байгааг ажиглаж байна. Бид Беларусьт цэргийн сургуулилалт, Оросын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгист төвлөрч байгааг харж байна. Нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй бөгөөд улам дордож магадгүй. Энэ нь биднийг ихээхэн түгшээж байна" гэж сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Мацүно мөн Токио Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгаа бөгөөд нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц зэрэг “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэв.

Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх хямралын штабыг Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.119.61)