В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийг Украинд айлчлахыг урьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын удирдагч Жо Байденыг Киевт айлчлахыг урьж, ойрын өдрүүдэд хийх айлчлал нь хурцадмал байдлыг намжаахад хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ тухай ням гарагт Украины Ерөнхийлөгчийн тамгын газар хоёр удирдагчийг утсаар ярьсны дараа мэдэгдсэн байна.

"Ойрын өдрүүдэд та Киевт хүрэлцэн ирэх аваас нөхцөл байдлыг тогтворжуулахад шийдвэрлэх чухал ач холбогдолтой  бөгөөд хүчтэй дохио болж, хурцадмал байдлыг намжаахад хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна" гэж В.Зеленский хэлжээ.

Тэрбээр мөн Украины нийслэл болон томоохон хотуудын байдал тайван байгааг Ж.Байденд батлан хэлсэн байна.

"Бид Украиныг чиглэсэн аливаа хурцадмал байдлыг зогсоох болно. Украины нийслэл Киев, манай улсын бусад хотууд болох Харьков, Львов, Днепр, Одесс аюулгүй бөгөөд найдвартай хамгаалалтад байна" гэж Украины төрийн тэргүүн мэдэгджээ.

Украины тал "одоогийн бүх эрсдэлийг ойлгож, нөхцөл байдлын цаашдын өрнөлд бэлэн" гэж В.Зеленский онцлон тэмдэглэсэн байна.

Талууд хурцадмал байдлыг намжаах, энх тайванд хүрэх алхмуудыг хэлэлцэх боломжтой хэлэлцээний бүхий л хэлбэрийн талаар хэлэлцжээ. "Хурцадмал байдлыг намжааж, энх тайвныг тогтооход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэлэлцэх боломжит бүх хэлбэрийн талаар хэлэлцлээ. В.Зеленский Украинд үзүүлэх олон улсын дэмжлэгийг нэгтгэхэд АНУ-ын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэв" гэж түүний тамгын газар мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч мөн АНУ-ын дэмжлэг үймээн сандрал газар авахаас сэргийлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Украины төрийн тэргүүн мөн АНУ болон бусад түншүүд Киевт "үр дүнтэй" дэмжлэг үзүүлсээр байгааг тэмдэглэсэн байна. 

Түүнчлэн Киев аюулгүй байдлын баталгааныхаа талаар янз бүрийн хэлбэрээр хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэлд онцлон тэмдэглэснээр, "тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг АНУ гуйвшгүй дэмжиж байгаад" В.Зеленский Ж.Байденд талархал илэрхийлээд Украины талд "аюулгүй байдлын үр дүнтэй баталгаа өгөх нь чухал болохыг тэмдэглэжээ".

"Бид аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг янз бүрийн хэлбэрээр хэлэлцэхэд бэлэн байна" гэж В.Зеленский хэлээд "Украины аюулгүй байдлыг хангахгүйгээр Европын аюулгүй байдлыг хангах боломжгүй" гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: КИЕВ. /Ukrinform/

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.155.151)