Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна

2022 онд Монгол Улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөнө.

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой ЭЕШ-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан БШУЯ, Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэхдээ, “2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа зохион байгуулна. Хоёр дахь шалгалтыг 12 дугаар сард зохион байгуулна. Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол нэмэлтээр 12 дугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно. ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэдэг заалт бий. Зургаадугаар сард өргөн хүрээнд хамрагддаг байсан суралцагч нар ЭЕШ-д хамрагдана. Харин 12 дугаар сард зохион байгуулах ЭЕШ-д дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулсан ЭЕШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой. Арванхоёрдугаар сард зохион байгуулах ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухай үед нь мэдээлнэ” гэв.

Мөн тэрбээр, олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болж байна. Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад оруулсан гэдгийг  мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)