АНУ-ын томоохон хотуудад “омикрон” хувилбарын халдварын тархалт намжиж байна

Хэдийгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо шинэ дээд үзүүлэлт хүрсэн ч энэ долоо хоногт Нью-Йорк болон бусад томоохон хотуудад “омикрон” хувилбарын халдварын давлагаа намжиж эхэлснийг АНУ-ын албан ёсны статистик мэдээлэл харуулжээ.

Ийм дүр зураг Их Британи болон 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр энэ хувилбар анх бүртгэгдсэн ӨАБНУ-д ажиглагджээ. Эдгээр улсад “омикрон” хувилбарын халдварын шинэ тохиолдлын тоо эхлээд огцом нэмэгдэж, харин дараа нь маш хурдацтай буурсан байна. 

Нью-Йорк хотод өдөрт илрэх халдварын дундаж тоо цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон буюу 40 мянган тохиолдол бүртгэгдэж байсан нэгдүгээр сарын 2-ны өдрөөс буурч эхэлжээ. Одоо энэ тоо өдөрт 30 мянгаас бага бүртгэгдэж байгаа нь бусад хувилбараас үүдэлтэй өмнөх халдварын давлагаануудын үеийнхээс их хэвээр байгаа боловч буурах хандлага илт ажиглагдаж эхэлсэн байна. Халдварын тохиолдлын тоо буурах хандлага мөн Нью-Йорк, Нью-Жерси муж улсууд, АНУ-ын гурав дахь том хот Чикаго, мөн нийслэл Вашингтон хотод ажиглагдаж байгаа аж.

Гэсэн хэдий ч АНУ-д халдварын дундаж тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд өдөрт 750 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна.

Хэдийгээр “омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа боловч өмнөх мутациудаас илүү хурдан халдварладаг тул олон өвчтөн эмнэлэгт хэвтэж байгааг статистик мэдээ харуулжээ.

АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоо хэвтэн эмчлүүлэгчийн 157 мянга гаруй орыг коронавирусний халдвартай өвчтөнүүд эзэлж байгаа нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ажлын ачааллаа дийлэхгүй, коронавирусний шинжилгээ нь халдвартай гарсан ч ажиллах ёстой болж байгаа сувилагч нар ажил хаялт зарласны улмаас сүүлийн үед эмнэлгүүдийн байдал улам хэцүү болсон байна. 

АНУ-д долоо хоногт өдөрт дунджаар 1700 гаруй хүн нас барж байгаа бөгөөд энэ нь хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сард “дельта” хувилбарын халдварын давлагааны үеэрх оргил үеийн үзүүлэлт рүү дөхсөн тоо юм. Тухайн үед энэ үзүүлэлт өдөрт 1 900 орчим байжээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)