2022 онд нээлтээ хийх Marvel-ийн 9 кино

Тэртээ 2008 онд “Iron Man” киноны анхны ангиар эхэлж байсан Marvel Cinematic Universe буюу бидний нэрлэж заншсанаар MCU 14 жилийн хугацаанд агуу том хийсвэр ертөнцийг цогцлоож чаджээ.

Хэдий бидний хайртай баатрууд дэлгэцнээ дахин эргэж ирэхгүй ч тэдний үргэлжлэл, залгамж халаа тасрахгүй бололтой. Ингээд энэ онд Marvel-ийн ямар ямар бүтээл бидний хүртээл болохыг сонирхоцгооё.

1. MS. MARVEL

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022 оны зун

Комик номоос кино ертөнц рүү хөл тавих ээлжит баатар бол “Марвел авхай”. Биеийнхээ молекулуудыг хүссэнээрээ удирдан Ant-man шиг томорч эсвэл жижгэрч, гар хөлөө сунгаж, Wolverine адил өөрийгөө маш хурдан эмчлэх супер чадалтай энэ залуу хатагтай ердөө 16 настайгаар дүрслэгдэнэ. MCU-ийн хамгийн анхны Муслим супер баатрын адал явдал энэ зун зургаан ангитайгаар хүрэлцэн ирэх нь.

2. MOON KNIGHT

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022

Дараагийн шинэ баатар бол Moon Knight. Өнгөц харахад Batman-тэй төстэй харагдах уг баатар үнэхээр л Batman-ий хуулбар эсэх маргаан комик сонирхогчдын дунд одоо ч хүчтэй өрнөдөг. Юутай ч сарнаас супер хүч чадлаа авдаг энэхүү баатар хэрцгий аргаар ажилладаг тул энэ цуврал R буюу зөвхөн насанд хүрэгчдэд гэх насны ангилалтай гарах болов уу гэсэн таамаг бий.

3. DOCTOR STRANGE IN THE MULTIVERSE OF MADNESS

Төрөл: Бүрэн хэмжээний кино

Нээлтийн хугацаа: 2022 оны тавдугаар сарын 6

Олон ертөнцийн онолыг бодит болгож, биднийг нэг дэлгэцнээ гурван үеийн Хүн-аалзтай уулзуулсан дүр бол Doctor Strange буюу Хачин эмч cheeky. “Хорвоо ертөнц агуу уудам бөгөөд нэгэн цагийн шугамд хязгааргүй олон ертөнц зэргэлдээ оршин байдаг” гэх энэ онол нь Dr. Strange-ийн бие даасан хоёр дахь кинонд хязгааргүй олон шинэ боломж, шинэ дүрүүдийг авчрах нь гарцаагүй. “WandaVision” цувралаас хойш хэсэг чимээгүй байсан “Улаан шулам” маань ч энэ кинонд эргэн ирнэ.

4. SHE-HULK

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022 оны намар

Үеэлийнхээ цусыг биедээ сэлбүүлсэн Jennifer Walters бүсгүй төсөөлшгүй их хүчтэй болно. Тэр үеэл нь хэн гээч? Та бидний сайн мэдэх Dr. Bruce Banner буюу Hulk. Анхны комик номд “Эмэгтэй Hulk”-ийн үүсэл ингэж бичигдсэн байдаг. Гэвч Disney биднийг яаж ч гайхшруулаа билээ. Тэс өөрөөр ч эхэлж магадгүй. Юутай ч энэ цувралаас хуучны ногоон танилаа олж харна хэмээн найдъя.

5. THOR: LOVE AND THUNDER

Төрөл: Бүрэн хэмжээний кино

Нээлтийн хугацаа: 2022 оны долоодугаар сарын 8

Хамаг олны хүсэмжит залуугаас “гүзээтэй ах” руу хувирсан хайртай бурхан бас баатар маань хамгийн сүүлд сансар огторгуйн уудам руу аялахаар явсныг санаж байгаа биз дээ? Анхны зургаагаас маань үлдээд байгаа цөөхөн баатруудын нэг болох Thor энэ зун эргэн ирэх нь.

6. BLACK PANTHER: WAKANDA FOREVER

Төрөл: Бүрэн хэмжээний кино

Нээлтийн хугацаа: 2022 оны арваннэгдүгээр сарын 11

Нэрт жүжигчин Chadwick Boseman хорт хавдрын улмаас хорвоог орхисны дараахан Marvel Studios түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс T’Challa хааны дүрд ахин сонгон шалгаруулалт хийхгүй гэдгээ зарласан. Тиймдээ ч “Хар Ирвэс”-ийн залгамж халааг түүний эмэгтэй дүү болох Shuri хүлээн авах нь. Үйл явдлын хувьд юу гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч Chadwick Boseman-ий дурсгалыг хүндэтгэсэн сцен байх нь гарцаагүй болов уу. Wakanda Forever!

7. THE GUARDIANS OF THE GALAXY HOLIDAY SPECIAL

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022 оны арванхоёрдугаар сар

Зул сарын баяраар Marvel-ийн фенүүд маань хоосонгүй бололтой дог шүү. Гамораг хайх эрэлд мордсон “Огторгуйн хамгаалагчид” маань баярын тусгай цувралаар биднийг баярлуулах нь.

8. WHAT IF…? 2-Р БҮЛЭГ

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022

Хязгааргүй олон боломжуудыг нээсэн өөр нэгэн бүтээл бол “What if…”. Хэрэв T’Challa сансар огторгуйн аялагч болсон бол, хэрэв Steve Rogers биш Peggy супер цэрэг болсон бол гээд олон сонирхолтой санааг нэгтгэн анимейшн хэлбэрээр өгүүлсэн цувралын хоёрдугаар бүлэг 2022 онд бидэнд хүрнэ.

9. SECRET INVASION

Төрөл: Disney+ цуврал

Нээлтийн хугацаа: 2022

Цувралын цуваа үргэлжилсэн жил гэж 2022 оныг л хэлэх биз. Өнгөрөгч онд Marvel студи Disney+ стрийминг үйлчилгээгээр дамжуулан WandaVision, Falcon and Winter Soldier, Loki гэх мэт олон амжилттай цувралыг ар араас нь бүтээсэн. Энэ жил ч түүний нэгэн адилаар MCU-г цувралаар тэлэх зорилготой байгаа нь илт харагдана. Энэхүү цувралын тухайд нэрт жүжигчин Samuel L Jackson, Emilia Clark нар дүр бүтээхээр болсон ба Skrull-уудын довтолгооны талаар гарах нь нэрээсээ эхлээд л илт харагдаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)