Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер

Хонь

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 1)

Түлхүүр үг: Тав тухтай хайрцгаас гарах, шинэ зам олж нээх.

Хонины ордныхны хувьд Бархасбадь гарагийн нөлөөгөөр тавдугаар сарын 10-28-ны өдрүүдэд их ажил буцлах болно. Бархасбадь гарагийн шилжих хөдөлгөөн тухайн ордонд харьяалагддаг хүний амьдралыг шинэ цэгээс эхлүүлдэг жамтай. Тэгвэл энэ үйл явц нь хонинуудын хувьд тавдугаар сараас эхлэх бөгөөд аль болох хөнгөн даван туулахын тулд өмнөх саруудад нь бодлоо чөлөөлж, хэт их стрессдэхгүй, төрж буй мэдрэмжүүдээ байгаагаар нь хүлээн аваарай.

Техник, технологитой нөхөрлөх нь боломжуудыг нээхэд тань туслах бол багийн ажиллагаа энэ онд тавьсан зорилгыг тань биелүүлэхэд түлхэц болно. Түүнчлэн хонины ордны мөнгөний бүсэд нийт дөрвөн удаа сар хиртэж байгаа нь карьерын өсөлт, магадгүй крипто хөрөнгө оруулалтад амжилт дагуулахыг илтгэнэ. Эдгээр сайн мэдээнүүдээс гадна гэр бүл, найз нөхөдтэйгөө үзэл бодлын зөрчилдөөний улмаас ам мурийх тохиолдлууд их гарахыг сануулж байна.


Үхэр

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 2)

Түлхүүр үг: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр.

Тэнгэрийн Ван гараг дөрөв дэх жилдээ үхрийн ордонд байрлаж байгаа нь 2022 он маш том өөрчлөлтүүдээр дүүрэн байхыг илтгэж байна. Тэнгэрийн Ван гараг нь нийтдээ долоон жилийн турш таны ордон дээр байрших юм. Тэр ч утгаараа үхрүүд гэнэтийн үйл явдал, томоохон өөрчлөлтүүдэд хамгийн хүлээцтэй хандаж сурах болно. Түүнчлэн дотоод хүн, сэтгэл хөдлөл дээрээ илүү их ажиллахыг сануулдаг Умард сарны дагуул нь 19 жилийн дараа үхэр дээр байршсан нь (нэгдүгээр сарын 18-с эхлэн байршина) уг ордныхон санхүүгийн байдал дээрээ анхаарч, өөртөө хөрөнгө оруулж эхлэх болсныг илтгэжээ. 

Санчир гарагийн нөлөөллөөр үхрийн ордныхон ажлын талбар дээр амбиц болон амжилтаар дүүрэн байна. Нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн (North Node үхрийн ордод байршина) таны өнгөрсөн хоёр жилийн турш хийсэн ажил үр шимээ өгч эхэлнэ. Хүмүүс танаас байдлыг гартаа авахыг хүсэх тул хариуцлагаа ухамсарлаж эхлэх цаг ирнэ. Наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн орлогын шинэ эх үүсвэр нээгдэнэ.


Ихэр

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 3)

Түлхүүр үг: Эрх мэдлээ бий болго.

Бархасбадь гарагийн нөлөөллөөр ихрийн ордныхны амбиц сэргэж шинэ ажлыг туршиж эхэлнэ. Гэр бүл, ажил гээд хаана ч байсан амжилт таныг дагах болно. Сүүлийн хоёр жилийн турш янз бүрийн уналтуудтай тулгарсан та энэ бүгдийг хүртэх эрхтэй. Өдийг хүртэл тэвчсээр ирсэн хүндхэн асуудлууд ихрүүдийг илүү хурцална уу гэхээс доош дарахгүй. Зорилгоо болон цаашид хийх алхмаа сайтар дотроо тодорхойлсны дараа наймдугаар сарын 20-ноос хойш үйлдэл хийж эхлээрэй. Учир нь энэ өдөр үйл хөдлөл, амьдрах урлаг, хүчний хуваарилалт зэргийг хариуцдаг Ангараг гараг ихрийн ордонд байрших юм. Ингэхдээ хийх ажлаа эртнээс төлөвлөөрэй. Эс бөгөөс яарч хийсэн үйлдэл харамсал дагуулах болно.

2022 онд тогтмол орлоготой болохыг зорино. Ангараг гараг ихрийн орд дээр ирэхээс өмнө аливаа ажлыг удирдах, баг, хамт олноо чиглүүлэх чадвараа хөгжүүлээрэй.


Мэлхий

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 4)

Түлхүүр үг: Хувь хүний хөгжил, шинэ хүсэл тэмүүлэл.

Бусдыг халамжлах, хүмүүжүүлэх тал дээр мэлхийн ордныхон мэргэжилтнүүдээс дутахааргүй чадварлаг. Тэгвэл 2022 ондоо тэрхүү чадвараа өөр дээрээ ашиглахыг гараг, эрхэс сануулж байна. Та өөрийн сонирхол, хувь хүний хөгжил дээрээ анхаарлаа хандуулж эхэлсэн тохиолдолд сүүлийн хэдэн жил тохиогоогүй их амжилт мэлхийн ордныхныг хүлээж байгаа юм. Та урдаа ямар ч ажил төлөвлөсөн бай шантралгүй, чадварынхаа тоог нэмэгдүүлэхээ урьтал болгоорой. Мөн дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндээ бодох жил иржээ.

Ангараг гараг мэлхийн ордны наймдугаар гэрээр дайрч буй нь хөрөнгө оруулалт дээр суурилсан пассив хөрөнгөтэй (тухайлбал, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, криптовалютын талаар судлах) болох нь тохиромжтойг илтгэжээ. Бархасбадь карьерын бүс рүү тавдугаар сарын 10-28 хооронд орох тул эдгээр өдрүүдэд чухал гэрээ, хэлэлцээр хийгээрэй.


Арслан

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 5)

Түлхүүр үг: Туршлага солилцох.

Бизнес, зугаа цэнгэлийн аль нь ч байсан алхам тутамдаа үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг сануулж байна. Бүтээлч байдлаа илрүүлж, дараа нь хөгжүүлснээр таашаал авдаг өөр нэг зүйлээ олж нээх болно. Арслангууд урьдын адил хүнд, хэцүү асуудлыг тоолгүй, гагцхүү урагш тэмүүлэх болно.

Хувиараа бизнес эрхэлдэг арслангуудын хувьд 2022 оны тавдугаар сард онцгой үр, өгөөжтэй байна. Эдгээр өдрүүд ирэхээс өмнө санхүүгийн салбарын талаар судалж, хөрөнгө оруулж эхлээрэй. Жилийн хоёрдугаар хагаст шинэ төсөл дээр ажиллах бөгөөд том амжилтыг дагуулах өндөр магадлалтай. Энэ онд өмнөх жилүүдээс хэд дахин ашигтай байж болох ч тэр хэрээрээ ашиггүй зарлагууд их гаргах тул хүртсэн өгөөжөө өсгөх тал дээр анхаараарай.


Охин

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 6)

Түлхүүр үг: Хамгийн гол нь сэтгэл зүйн эрүүл мэнд.

2022 оны нэгдүгээр хагаст охины ордныхон багагүй асуудлуудтай тулгарах болно. Хэрэв та тусламжийг бусдаас биш өөрөөс хайх юм бол асуудлыг төвөггүй даван гарна. Ангараг гараг таны карьерын бүсэд наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн долоон сарын турш байрлах тул карьерын өсөлт 3-4 дахин хурдацтай явагдана. Энэ үеэр та нийгэм рүү чиглэсэн, нээлттэй ажил эхлүүлэх бөгөөд одооноос эхэлж айдастайгаа нүүр тулж, их ажилд бие, сэтгэл зүйгээ бэлдээрэй. Ажлын хүнээс, гэр бүлээс, найз нөхдөөс ирэх шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар хандаж, хамгийн гол нь оюун санаагаа сөрөг үзэл бодлоос чөлөөлөөрэй.


Жинлүүр

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 7)

Түлхүүр үг: Хүсэл тэмүүллээр цэнэглэгдэж, шинэ зуршилтай болно.

Эрч хүч, аз, өсөлтийг хариуцдаг Бархасбадь гараг жинлүүрийн ордныхны эрүүл мэндийн бүсэд байрших болно. Энэ нь та 2022 ондоо урьд урьдынхаасаа илүү бага стресстэж, сэтгэл зүйн хувьд харьцангуй амар, тайван байхыг илтгэж байгаа юм.

Шинэ төсөл эхлүүлж, шинэ компани байгуулж, эсвэл хоромхон зуурын эерэг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар төлөвлө. Зах зээл, холбогдох хуулийн талаар судалж, бүтэц бүрээр нь нягтлаарай. Мөн эхлүүлсэн ажлаасаа үр шим хүртэхийн тулд танд хангалттай дэмжлэг байгаа эсэхийг тунгаах шаардлагатай.

Мөнгөний зарцуулалтын хувьд хий хоосон үрэгдэх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд аль нэг чадвараа хөгжүүлж хэл, амаараа шийдчихдэг байсан зүйлээ техник, технологийн тусламжтай шийдэх гээд нэг үз. Умард сарны дагуулын байршил нь ямар нэг пассив орлогыг илтгэж байна. Санчир гараг жинлүүрийн ордны тавдугаар гэр буюу алдар нэрийн бүсээр дайрах ба энэ нь жинлүүрүүд олны танил, алдартай илтгэгч, салбарын мэргэжилтэн, эсвэл инфлюенсерийн тусламжтай ашиг, орлогоо нэмэгдүүлнэ гэсэн үг юм.


Хилэнц

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 8)

Түлхүүр үг: Зөвхөн өөрийн алхах замаа тодорхойлно.

Эрт дээр үед өөрөөсөө нуугаад, хав дарчихсан байсан мөрөөдөл тань тодорсоор ил гарч ирэх болно. Эргээд тэрхүү мөрөөдлөө “булшлахаасаа” өмнө өөртэйгөө шударгаар, чин сэтгэлээсээ ярилц.

Бидний байгалиас заяасан чадваруудыг хариуцдаг Өмнөд сарны дагуул нь 2004 оноос хойш анх удаагаа хилэнцийн ордоор дайрах бөгөөд энэ нь нуугдаж байсан авьяасаа илрүүлж, үүнийгээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр ашиглахыг илтгэж байна. Бусдын өмнө өөрийгөө бодит байдлаас дөвийлгөж харуулахаас зайлсхийх нь урд тань тээглэж байсан хаалтыг авч, оюун санааг тань чөлөөлнө.

Карьерын тал дээр өсөхийн тулд зорилгуудаа илүү амьтай болго. Тэгсэн цагт даван туулахад амар болно. Бархасбадь гараг хилэнцийн ордны зургадугаар гэрт байрлах үеэр (тавдугаар сарын 10-наас аравдугаар сарын 28 хүртэл) мэргэжил дээшлүүлж, сургалтад суухад тохиромжтой. Ангараг гарагийн нөлөөллөөр ес, аравдугаар сард хийсэн хөрөнгө оруулалт урт хугацаандаа үр өгөөжөө өгөх болно.


Нум

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 9)

Түлхүүр үг: Алдар нэр, тав тух.

Бархасбадь гараг хонины орд дээр байрших үед нумын ордныхон сүүлийн 12 жилийн турш мэдрээгүй их алдар нэрийг хүлээж, нэрээ цуурайтуулах болно.

Мөнгөний тал дээр нумууд хэрхэн олох арга замаа мэддэг ч бусад ордуудаасаа хамгийн үрэлгэн гэж тооцогддог. Тэгвэл 2022 ондоо уг зуршлаа хазаарлахын тулд юун түрүүнд хэт их ажлын ачааллаас зайлсхий. Эс бөгөөс нумууд оюун санаагаа гагцхүү өндөр үнэлгээтэй эд юмсаар тайвшруулах гэж оролдоно.

Удирдан зохион байгуулах, зуучлах салбарт ажилладаг нумын ордныхны хувьд олз омгоор дүүрэн байна. Тэдний харилцааны чадвар эрс нэмэгдэж тэс өөр үзэл бодолтой хүмүүсийг ч нэгэн дээвэр дор нэгтгэж чадна.


Матар

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 10)

Түлхүүр үг: Харилцаа, холбоогоо өргөжүүлэх жил.

Өнгөрсөн жилүүд тань ажил, хөдөлмөрийг шаргуу эрхэлсэн цаг, үе байсан бол 2022 онд матрууд илүү нийгмийн харилцаанд орох болно. Найзуудын шинэ хүрээлэл, шинэ хобби бий болно. Хэрэв матрууд нүүдэл, суудал хийхээр бол тавдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 28-ны хооронд тохиромжтой.

Энэ жил та хөдөлмөрөө үнэлүүлж карьерын дараагийн шатанд очих болно. Бархасбадь матрын ордны өрсөлдөгч, сониуч занг хариуцдаг гуравдугаар гэрээр дайрах (тавдугаар сарын 10-ныг хүртэл, мөн аравдугаар сарын 28-наас арванхёрдугаар сарын 20-ны хооронд) тул ямарваа нэг ажлыг туршилтаар биш, гагцхүү ялах гэж эхлүүлнэ. Түүнчлэн энэ үед томилолтоор явж эсвэл ажлын журмаар бусад улс руу аялах магадлалтай.


Хумх

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 11)

Түлхүүр үг: Санхүүгийн аюулгүй байдлаа хангана.

Өнгөрөгч жилд Бархасбадь болон Санчир гарагууд хоёул Хумхын ордонд байршсанаар ховор үзэгдлүүдийн нэг тохиосон билээ. Тэгвэл 2022 онд таны амьдралын хэмнэл 2021 оныг бодох юм бол бага зэрэг удаашрах ч зогсолтгүй урагшлахаа бүү мартаарай.

Бархасбадийн нөлөөлөл дор хумхын ордныхон хэдэн жилийн турш төлөвлөсөн эрсдэлтэй алхмаа энэ жил хийхэд тохиромжтой байна. Гэхдээ дотоод хүн, сэтгэл хөдлөл дээрээ илүү их ажиллахыг сануулдаг Умард сарны дагуул нь хумхын ордны карьерын бүсэд орж ирж байгаа тул нэг биш удаа айдастайгаа нүүр тулах шаардлага гарна. Тавдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны хооронд ажлын салбарт тань маш том боломж гарч ирнэ.


Загас

Зурхай 2022: Ажил, мөнгө болон карьер (фото 12)

Түлхүүр үг: Шинэ эхлэх, бат бөх суурь.

Намуухан, урсгалаараа, нэгэн хэвийн өнгөрсөн сүүлийн хоёр жил энэ хүрээд дуусаж байна. Энэ жил бол загасны ордныхны хувьд сүүлийн арван жилд тохиогоогүй аз, ивээл, хүч, чадлаар баялаг байх болно. Учир нь аз, ивээл хариуцдаг Бархасбадь гараг хоёр ч удаа загасны ордоор дайрч (нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 10 хооронд, мөн аравдугаар сарын 28-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны хооронд) уг ордны амжилтын үүдийг нээж байгаа юм.

Та хувиараа бизнес эрхэлдэг, эсвэл аж ахуйн нэгжид ажилладаг гээд ямар ч албан тушаалд байсан таныг хэт хяналтдаа байлгаж, хайрцаглах хандлагатай байдаг даргадаа хүлээцтэй хандахгүй нь. Мөн загаснууд карьерынхаа чигийг өөрчлөх магадлалтай. Гэхдээ тус шийдвэрээ Санчир гараг 2023 оны гуравдугаар сард загасны орд дээр байрших үед гаргах нь тохиромжтойг сануулъя.

2022 ондоо шинэ төрлийн богино болон урт хугацааны сургалт, семинарт сууна. Хэрэв хуримтлалтай бол наймдугаар сарын 20-ны өдөр Ангараг гараг загасны ордны орон сууцны бүсэд байрших үед үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулж эсвэл анхныхаа орон сууцыг худалдаж авахад тохиромжтой байна.

Эх сурвалж: Buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)