Гэмт хэргийн тухай өгүүлэх зэвүүн АРВАН баримтат кино

Хүний санаанд багтах бүү хэл зүүдэнд ч оромгүй аймшигт үйл явдлыг зөвхөн ном зохиолоос олж мэддэг байсан цаг үе хэдийнэ ард хоцорчээ. Ихэнх хүн энэ төрлийн контентууд сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн удирдах чадваргүй хүмүүст буруу сэдэл өгөх сул талтай гэж хардаг ч аюултай байж болзошгүй нөхцөл байдлаас өөрийгөө хэрхэн авч гарах талаар үнэтэй зөвлөгөө өгөх болно.

Ийнхүү өнгөрсөн онд олон нийтийн хүртээл болсон бодит гэмт хэргийн тухай баримтат кинонуудыг танилцуулж байна.


1. THE SONS OF SAM: A DESCENT INTO DARKNESS

Эрэн сурвалжлах сэтгүүлч Маури Терри  өөрийн бүхий л амьдралыг “Сэмийн хүү” хэмээн алдаршсан хэргийг Берковиц ганцаараа үйлдээгүй гэдгийг батлахад зориулсан гэхэд хилсдэхгүй. Берковиц 1976 оны долдугаар сараас 1977 оны долдугаар сарын хооронд 13 хүн буудаж, 6 хүний амь хөнөөсөн хэргээр 300 жилийн хорих ялыг эдэлж байгаа. Түүнийг энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж буруутгаж байсан боловч сэтгүүлч Терри гэмт хэрэгтэн Берковицийг Чарльз Мэнсонтой холбоотой гэгддэг "Хүүхдүүд" гэх Сатаны шашны нэрийн өмнөөс хэрэг үйлдсэн гэдгийг нь батлах гэж оролддог.

Түүний гаргаж ирсэн баримтууд нь “Алуурчныг нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн үзвэл Берковицийн төрх байдал хэрэгтнийхтэй огт тохирдоггүй. Тэр байтугай Берковиц Сэмийн хүүгийн бүх аллагыг өөрөө үйлдээгүй гэх мэт баримтыг энэхүү бүтээлд дэлгэх болно.


2. SOPHIE: A MURDER IN WEST CORK

1996 онд Софи Тоскан дю Плантиер хэмээх франц эмэгтэй Ирландын Баруун Корк дахь зуслангийн байшингийнхаа ойролцоо зэрлэгээр зодуулж нас барсан байдалтайгаар олдсон. Хөрш нь түүнийг олоход түүний гавлын яс төдийгүй бие нь хүртэл бяцарчихсан байсан гэдэг. Өдгөө 64 настай Британийн сэтгүүлч Иан Бэйли Софигийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан бөгөөд тэрээр өөрөө гол сэжигтэн болохоосоо өмнө уг хэргийн талаар мэдээлэл хийж байжээ.

Тэрээр хоёр ч удаа баривчлагдаж байсан ч нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар суллагдаж байсан. Хэдийгээр Софигийн аллага 25 жилийн өмнө болсон ч энэ хэргийн ул мөр одоо ч тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд шүүхийн харьяаллаас болж Ирланд, Францад маргаан үүсгэсээр байна.

3. WHY DID YOU KILL ME?

Уг баримтат кинонд Белинда Лэйн хэмээх эмэгтэй MySpace сүлжээг ашиглан түүний охин Кристал Теобалдийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг хайж байгаа түүхийн талаар өгүүлдэг. 2006 онд 24 настай хоёр хүүхдийн ээж Кристал Теобалд бусдын гарт амиа алдсан. Бүсгүйг ах болон найз залуутайгаа хамт машинтай явж байхад нь нэгэн залуу тэдэн рүү буудсанаар тэрээр суманд өртөж тархиндаа гэмтэл аван амиа алдсан байдаг.

Хуулийн байгууллагад итгээгүй Кристалийн ээж охиноо хэрхэн амиа алдахыг өөрийн нүдээр харсан тул гэмт хэрэгтнийг өөрөө хайж эхэлсэн бодит түүхийн төгсгөл ямар байх бол?


4. NIGHT STALKER: THE HUNT FOR A SERIAL KILLER

Уг баримтат кино нь Лос Анжелесийн иргэд "Шөнийн мөшгөгч" хэмээн хочилдог байсан цуврал алуурчин, хүчирхийлэгч, хулгайч Ричард Рамирезийн үйлдсэн хэрцгий аллага мөрдөн байцаалтын явцыг нарийвчлан харуулсан 50 минутын дөрвөн ангиас бүрддэг. Хэдий тэр цуврал алуурчин гэгддэг ч бусадтай харьцуулахад түүнд тогтсон арга барил гэж байгаагүй. Хулгай, танхайрах, хүний амь бүрэлгэх, хүчирхийлэх гээд муу муухай болгоныг тэр өөрийн гараар үйлдсэн нэгэн аж.

Хэрэг үйлдэх бүрдээ улам бүр хэрцгий болж байсан нь 1985 онд Лос Анжелес хотын оршин суугчдыг "Дараа нь би байх болов уу?" гэх айдаст автуулдаг байжээ. Рамирез хэргийн газартаа "Би хүний төрөлх чанарт байдаг бузар муутай эвсэж, үхэл рүү алхам алхмаар дөхөж байна" гэж бичих юм уу, таван хошуу зурж үлдээдэг байсан нь түүнийг Сатанизмд гүн гүнзгий татагддаг байсныг нотолжээ.


5. CRIME SCENE: THE VANISHING AT THE CECIL HOTEL

Муу нэртэй луу данстай гэдэгчлэн Сесил зочид буудалд гарсан Элиза Ламын жигтэй хэргийг та бүхэн мэдэх биз ээ. 2013 оны хоёрдугаар сарын 19-нд Лос-Анжелес хотын төвд байрлах “Stay on Main” буюу хуучнаар Сесил зочид буудлын дээвэр дээрх усны танкнаас Хятад-Канад гаралтай жуулчин Элизагийн цогцсыг олсон.

Түүнийг алга болох үе буюу хоёрдугаар сарын 1-нд цагдаа нар нээлттэй мөрдлөг хийж хайсан боловч охиноос ямар ч ул мөр олоогүй. Улмаар 14 хоногийн дараа буудлын цахилгаан шатанд сууж байх үеийнх нь бичлэгийг олон нийтэд цацсанаар энэ хэрэг олны дунд алдартай болжээ. Задлан шинжилгээгээр түүний үхлийг гадны нөлөөгүй гэж тогтоосон ч энэ жигтэй хэргийн цаана өөр ямар нэгэн нууц байгаа гэж үздэг хүн одоо ч цөөнгүй.


6. JOHN WAYNE GACY: DEVIL IN DISGUISE

Жон Уэйн Гэйси бол алуурчин алиалагч гэдгээрээ алдаршсан. Тэрээр гурван жилийн хугацаанд багадаа 30 гаруй хүүхдийн амийг авч одсон Америкийн хамгийн алдартай цуврал алуурчдын нэг бөгөөд түүний гэмт хэргийн түүх хар дарсан зүүд л гэсэн үг. Тэр эгэл залуугийн дүрээр халхавч хийж, хүүхдүүдийг зугаацуулахын тулд алиалагч болдог нэгний дүр эсгэж, олон хүүхэд хөнөөж байшингийнхаа доор цэцэрлэгийнхээ эргэн тойронд болон ойролцоох ойдоо булсан харгис хэргийг үйлдсэн. 1992 онд Гэйситэй хийсэн ярилцлагыг багтаасан уг шинэ баримтат цуврал нь үзэгчдэд хэргийг илүү том өнцгөөс харах боломжийг олгох болно.


7. WHAT HAPPENED, BRITTANY MURPHY?

Жүжигчин Бриттани Мерфиг цаг бусаар нас барснаас хойш арав гаруй жилийн дараа дэлгэцнээ гарсан энэхүү хоёр ангит баримтат кино нь талийгаач эхнэрээсээ хойш яг таван сарын дараа нас барсан Бриттанигийн нөхөр Саймон Монжакийн хачирхалтай түүхийг ч өгүүлэх болно.

Жүжигчин бүсгүй 2009 онд 32 настайдаа угаалгын өрөөнийхөө шалан дээр ухаан алдсан байдалтай олдож улмаар эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Түүний үхлийн шалтгааныг хүнд хэлбэрийн цус багадалт, уушгины хатгалгаа байсан гэж дүгнэсэн. Энэхүү баримтат кинонд бидний орхигдуулсан байж болзошгүй нэгэн нууцыг дэлгэх болно. Үүнийг гагцхүү өөрийн нүдээр үзэх нь сонирхолтой биш гэж үү?


8. CONFRONTING A SERIAL KILLER

Америкийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн цуврал алуурчин Сэм Литтлийн тухай өгүүлэх ер бусын түүх таныг хүлээж байна. Сэмийн хэргийг мөрдөх явцад 93 хохирогч ил болсон бөгөөд магадгүй ил гараагүй хохирогч үүнээс ч олон байхыг үгүйсгэхгүй. Холбооны мөрдөх товчоо Сэмийг хүлээсэн 93 аллагын хэргийнхээ 60-аас доошгүйд нь оролцсоныг нотолсон. Түүний бусдын аминд хүрэх өш хонзон бүхий сэдэл нь юу байв? Уг нууцыг сонирхож байгаа бол энэхүү бүтээлийг үзсэндээ харамсахгүй л болов уу.


9. RIFKIN ON RIFKIN: PRIVATE CONFESSIONS OF A SERIAL KILLER

Жоэл Дэвид Рифкин нь Америкийн цуврал алуурчин бөгөөд 1989-1993 оны хооронд есөн эмэгтэйн амийг хөнөөсөн хэргээр 203 жилийн хорих ял авсан. Гэвч түүнийг нийтдээ 17 хүний амь хөнөөсөн гэж үздэг. Тэр цуврал алуурчид дундаа хамгийн харгистаа тооцогддог.


10. FINDING KENDRICK JOHNSON

2013 оны нэгдүгээр сарын 11-нд Кендрик Жонсоны цогцсыг сургуулийнх нь биеийн тамирын заалнаас, бүр тодруулбал эвхэж тавьсан байсан матрасны голоос олжээ. Урьдчилсан мөрдөн байцаалт болон задлан шинжилгээгээр Жонсоны үхлийг санамсаргүй осол гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийг эсэргүүцсэн түүний гэр бүл дахин задлан хийлгэхэд түүнийг мохоо зүйлийн гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Мөн хоёр дахь задлангийн үеэр хүүгийн доторх эд эрхтэн байгаагүй бөгөөд үүнийг шүүх эмнэлгээс тодруулахад задлангийн дараа эд эрхтнийг нь устгасан гэж мэдэгдсэн байдаг. Үүнээс гадна хүүгийн нүүр хэт их хавдаж хүн гэхэд итгэмээргүй болсон байжээ. Гэр бүлийнхэн нь хүүгийн хэргийг шударга шүүхээр шийдүүлэхийг хүссэн ч тийм хялбар байгаагүй аж. Хүүгийн үхлийн цаана ямар нууц байгаа болоод гэр бүлийнхэн нь ингэж аргаа барж явсан бол?

Эх сурвалж: Cosmopolitan

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)