"Оюутан цэрэг-Нэг өдөр" сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна

Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангид АШУҮИС-ийн оюутнуудад "Оюутан цэрэг-Нэг өдөр" сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус сургалт оюутнуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн жил ЗХЖШ болон АШУҮИС-ийн хооронд "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурсан ба тус санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү сургалт аж. 
Өнөөдөр өглөөний 6.30 цагт багш, оюутнууд сургуулийнхаа орчим цуглан гурван маршрутаар өөрсдийн хуваарилагдсан Зэвсэгт хүчний ангийн байрлалд очсон юм.

Тодруулбал, АШУҮИС-ийн Эм зүйн болон Сувилагчийн сургуулийн оюутнууд Д.Байгалмаа, Ж.Сэргэлэнцэцэг багш нарын удирдлага дор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид очжээ. Тэднийг ангийн Шалган нэвтрүүлэх байраар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр зохих журмын дагуу нэвтрүүлэн тус ангийн удирдлага хүлээн авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

Энэ үеэр багш, оюутнууд тус ангийн бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлтэд хамрагдан, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, бие бүрэлдэхүүнийг жагсаах, долоо хоногийн ажлыг эхлүүлэх, үүрэг зааварчилгаатай танилцах, жагсаалын алхаагаар явах зэрэг нэгдсэн ажиллагаанд оролцжээ.

Үүний дараа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр ангийнхаа түүх, дайчин замнал, гүйцэтгэх үүрэг, зорилго, зорилтуудын талаар танилцуулж БХЯ-ны сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит болон тус ангийн Дайчин алдрын танхимаар оруулан үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр шүхэр, хими, зэвсгийн үзэсгэлэнг үзүүлэн, сургалтыг явуулсны дараа багш, оюутнуудтай жагсаалын болон биеийн тамирын бэлтгэл хичээл хийсэн бөгөөд цэрэгжлийн гимнастикийн 1 ба 2 дугаар 16 тоот дасгалыг зааж, энэ дасгалыг цаашид байнгын хэрэглээ болгохыг зөвлөв.

Мөн тэд гардан тулааны, инженерийн болон бусад хичээлд хамрагдаж, тус ангиас зохион байгуулах буухиа тэмцээнд оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорих ажээ. Уг сургалт,  сурталчилгааны ажил маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд багш, оюутнууд тун идэвхтэй оролцож байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.68.181)