Израилд “COVID-19”-ийн түргэвчилсэн оношлуурыг хүнсний дэлгүүрт худалдаалахыг зөвшөөрчээ

Израилын Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн түргэвчилсэн оношлуурын олдоцыг нэмэгдүүлж, үнийг нь бууруулахын тулд хүнсний дэлгүүрүүдэд худалдаалах зөвшөөрлийг ням гарагт олгожээ.

Өдийг хүртэл гэртээ шинжлэх боломжтой антигений оношлуурыг зөвхөн эмийн сангуудаар худалдаалахыг зөвшөөрөөд байсан юм.

Израилд тусгаарлалтын шинэ дүрэм журмын дагуу вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн 60-аас доош насны иргэд халдвартай өвчтөнтэй ойр байсан тохиолдолд гэртээ шинжлэх түргэвчилсэн оношлуураар өөрийгөө оношлох боломжтой бөгөөд хариу нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй байна.

Эрүүл мэндийн яамнаас ням гарагт мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварласан идэвхтэй тохиолдлын тоо 115 424-т хүрсэн нь өмнөх өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг /106 107/ давжээ. Улсын хэмжээнд ням гарагт 17517 хүнээс халдвар илэрснээр нийт тохиолдлын тоо 1 495 577-д хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо зургаагаар нэмэгдэн 8265-д, хүнд өвчтөнүүдийн тоо 172-оос 205-д хүрч нэмэгдсэн байна.

Эх сурвалж:ЙЕРУСАЛИМ. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)