Автобус богино эргэлтээр иргэдэд үйлчилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замд түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүллээ.

Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гаргаж байна. Энэ өглөө гэхэд 21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд явуулсан бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах юм. Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотой авто тээврийн хяналтын байцаагч нар ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд нь зохицуулж байна.

Түгжрэл их, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэхээр богино эргэлтийн автобусны чиглэл гаргажээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар 6.40-22.30 хооронд иргэдэд үйлчилдэг.

Иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн нийслэлийн хөндлөн, тууш тэнхлэгийн 4 чиглэлд уртасгасан цагаар автобус явуулж байна. Тодруулбал, Ч:69 Зунжин 7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлд, Ч:7  Нисэх-МУБИС-Ард кино театр чиглэлд, Т:2  Таван шар-Офицеруудын ордон-Ботаник чиглэлд, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв  чиглэлд автобус уртасгасан цагаар үйлчилж байна. Эдгээр чиглэлд 5.00-00.30 цаг хүртэл зорчигч тээвэрлэж байна. Мөн сургуулийн 28 автобусаар сурагчдыг сургууль, гэрт нь хүргэж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)