ДЭМБ Афганистан руу 5000 хүүхдийг эмчлэх эмийн багц илгээжээ

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Афганистан руу 5000 хүүхдийг эмчлэхэд шаардлагатай байгаа эм, нэмэлт хэрэгслийн багцыг илгээлээ гэж "Ariana News" телевиз тус байгууллагын мэдэгдлээс эш татан мэдээлэв.

Тусламжийн ачааг агаарын тээврийн “Qatar Airways” компани болон Катарын Засгийн газартай хамтран хүргэсэн байна. Хүмүүнлэгийн тусламжид хоол тэжээлийн дутагдал, суулгалт, уушгины хатгалгаа, амьсгалын дээд замын халдвар болон бусад өвчнөөр шаналж буй 5000 хүүхдийг эмчлэх эмийн багц багтжээ.

ДЭМБ-аас өмнө нь мэдээлснээр, долоон тонн жинтэй ачаа Афганистаны нийслэл Кабул хотод 11 дүгээр сарын 4-нд иржээ. Тус байгууллага наймдугаар сарын 30-наас хойш нийт 60 тонн жинтэй, 1.5 сая хүний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээний хүмүүнлэгийн тусламжийн дөрвөн ачааг Катар улсаар дамжуулан Афганистанд хүргэсэн байна.

Эх сурвалж: ТЕХРАН. /TASS/.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)