Л.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлно

Б.Оргил 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, "Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас ноднин дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жил өнгөрлөө.

Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлсний дүнд энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар өссөн бол жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байна. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт засаглалын болон санхүүжилтийн шинэчлэлүүд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Нэгдүгээрт, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн хуваарилалтын тогтолцоо болон төрийн албаны бүтцэд шинэчлэл хийх замаар төрийн үйлчилгээ бүрийг чанартай, хүртээмжтэй хүргэх асуудлыг санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх зарлагын шинэчлэл хийнэ.

Төсвийн нэг төгрөг бүрийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтоолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцлоо.

Тухайлбал, боловсролын сургалтын хөтөлбөрийн бодит өртгийг тооцож суралцагчийн тоотой уялдуулсан хувьсах зардлын санхүүжилтийг нэвтрүүлэх, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус, бие даасан тогтолцоог бий болгох, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлж, тохирсон цалин, урамшууллыг олгох тогтолцоог нэвтрүүлэх болно. Энэ зарчмыг мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоонд нэгэн адил мөрдүүлнэ.  

Хоёрдугаарт, орон нутгийн нийтийн биеийн тамирын байгуууллагуудын санхүүжилтийг иргэнээ дагасан зарчмаар гүйцэтгэлээр нь олгодог болно.

Иргэдэд үзүүлэх соёлын болон нийтийн биеийн тамирын үйлчилгээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн онцлог, нөөц бололцоонд тохирсон байдлаар боловсруулж, байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээ тус бүрээр нь үнэлсний үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг уян хатан байдлаар хуваарилна.

Түүнчлэн, 2022 оны төсвийн жилээс Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Боловсролын ерөнхий газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар төлөвлөлөө.

Дээрх төсвийн бодлогын дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд зарлага 18.1 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.3 их наяд буюу ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэхээр төсөөлж байна гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр, төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж өгснөө онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Чинзориг, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар боловсролын шинэчлэл, цалин хөлсний талаар асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шилдэг оюутан, сурагчдад тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан тодруулга авав.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, улсын хэмжээнд бүх сум, хороо бүрээс нэг нэг хүүхэд буюу нийт 504 хүүхэд сонгон шалгаруулж, нэг жилийн хэлний бэлтгэлд хамруулна. Амжилттай төгсөгчдийг ирэх жилээс гадаадын шилдэг их, дээд сургуулиудад хамруулахаар ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн санд өөрчлөлт оруулж байгаа гэлээ.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)