АНУ дахь Монгол телевизийн захирал, Олон Улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Монгол Улсын соёлын элчээр томилов

Монголчууд бид дахин давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалсаар ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн. Зуун зуун дамжсан өвөг дээдсийн түүх, соёлын өв, үнэт зүйлсээ дэлхий нийтэд сурталчлан таниулж, өнөө цагийн хөгжил дэвшлийн ололт амжилтаа бусадтай хуваалцан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилт билээ. 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлан таниулах, соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэх, монгол хэл, соёл болон монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх эрхэм хүндтэй үүрэг бүхий Соёлын элчээр АНУ дахь Монгол телевизийн үүсгэн байгуулагч, захирал, Олон Улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяаг томилжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ удаа  Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг албан ёсоор гардуулав.

Олон Улсын сэтгүүлч Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн сувгуудтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж,Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. 

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн гадаад харилцааг хөгжүүлэн, үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (127.0.0.1)
Ganaa Ganaa Баяр хүргэн амжилт хүсье Сараа даа
2021-10-27 Хариулах
Уншигч Баяр хүргэж улам их амжилт хүсье!
2021-10-26 Хариулах