Ставрополийн хязгаараас Монгол Улсад анх удаа сайн үүлдрийн адуу нийлүүлжээ

ОХУ-ын Ставрополийн хязгаараас Монгол Улсад анх удаа 21 толгой цэвэр үүлдрийн адуу нийлүүлжээ.

Цэвэр үүлдрийн адууг Минераловодск дүүргийн "Терский үүлдрийн адуу үржүүлгийн 169 дүгээр ферм" нийлүүллээ гэж Ставрополийн хязгаарын Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.

Монгол Улсад нийлүүлснээс гадна, тус бүс нутгийн сайн үүлдрийн адуу үржүүлэгчид есөн сарын хугацаанд 150 элит адуу, түүний дотор Арабын шилмэл үүлдрийн 19 толгой адуу экспортод гаргаж борлуулсан бөгөөд Арабын шилмэл үүлдрийн адуу Австри, Бельги, Чех, Румын зэрэг улсуудад, Ахал-Теке үүлдрийн адуу Польшид эрэлттэй байжээ.

Одоогийн байдлаар Ставрополийн хязгаарт 1093 толгой сайн үүлдрийн адуу байгаа бөгөөд үржлийн гол нөөц нь Минераловодск, Александровский, Новоселицки, Шпаковский, Предгорный дүүргүүдэд төвлөрч байна.

Эдгээр дүүрэгт голдуу Араб, Ахал-Теке, Англи адуу, Карачай үүлдрийн адуу үржүүлдэг ажээ. "Хөдөө аж ахуйг хөгжүүлэх" бүс нутгийн хөтөлбөрөөс адуу өсгөх фермүүдийг дэмждэг байна.

Эх сурвалж: СТАВРОПОЛЬ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)