Б.Жавхлан: Төсвийн зардлыг 12.1 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой

Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өснө гэж төсөөлж байсан бол 4.1 хувийн өсөлттэй байгааг Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Харин хоёр хоногийн өмнө энэ үзүүлэлт 4.5 хувьтай байгаа тухай Дэлхийн банкнаас танилцуулж байсан юм. 

Харин энэ онд төсвийн алдагдал ДНБ-ий -8.8 хувь байна гэж төсөөлжээ. Эдгээр нь өнгөрсөн оныхоос харьцангуй сайжирсан үзүүлэлт бөгөөд эрдэс бүтээгдэхүүний үнэ таатай байсан, цар тахлын халдварыг багасгахаар хөл хориог сулруулсан, Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, хүн амынхаа талаас илүү хувийг вакцинд хамруулсантай холбоотойг Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэв.

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт -4.6 хувь болж, төсвийн алдагдал ДНБ-ий -12 хувьд хүрсэн. Үүнд эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр бага байсан, коронавирусний улмаас хөл хорио тогтоосон, вакцин байгаагүй зэрэг нь нөлөөлсөн байна.

Ирэх онд эдийн засаг аажмаар сэргэж, 5 хувийн өсөлттэй байх зорилт дэвшүүлснээс гадна төсвийн алдагдал ч ДНБ-ий -5.1 хувьд хүрнэ гэж төсөөлжээ. Ингэхдээ эрдэс бүтээгдэхүүний үнийг тогтвортой байна гэж тооцоолж, дахин хөл хорио тогтоохгүйгээр, эдийн засгаа нээж, экспортыг нэмэгдүүлэн, вакцины гуравдугаар тунг үргэлжлүүлэн, нэг их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулж, “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх, сайжруулсан түлшний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг Сангийн сайд тодотголоо.

2022 оны төсвийн төсөлд нийт орлого 16,415.1, тэнцвэржүүлсэн орлого 15,771.7, нийт зардал 18,158.8 төгрөг байх аж. Түүнчлэн, ирэх оны төсвийн төсөлд 12.1 тэрбум төгрөгийг хэмнэхээр тусгаж, зарим зардлыг бүрэн хассан байна. Тухайлбал, төрийн байгууллага тавилга худалдан авах, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, яамдын тээвэр шатахуун, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах зардлыг хасаж тооцжээ. Мөн дотоод томилолт, бичиг хэргийг зардлыг 50 хувь хэмнэх боломжтойг хэвлэлийн хурлын үеэр дурдаж байв.

Ирэх оны төсвийн бодлогоор хөдөлмөр, бүтээмж өсөлтийг дэмжиж найман чиглэлд анхаарал хандуулж байгаагаа танилцуулсан юм. Тодруулбал,

-Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, экспортыг нэмэх, хөрөнгө оруулалтыг дэмжих аргаар эдийн засгийг сэргээх шинэчлэл хийнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхийг зорьжээ.

-Төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэх шинэчлэл хийхдээ ТӨҮГ-ыг гурав ангилж, бүтцийн өөрлөлт хийнэ. Хувьчлал биш нэмэлт хувьцаа гарган, төрийн өмчит компанийн үр өгөөжийг нэмэн, төрд байх шаардлагагүй аж ахуйн нэгжийг татан буулгахаар төлөвлөсөн байна.

-Байгалийн баялгаас орох орлогыг хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай хүүхэд тогтолцоонд шилжинэ. Хүүхдийн мөнгийг үе шаттайгаар хуримтлал бий болгох аж.  

-Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого бага иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжих шинэчлэл хийнэ. Тухайлбал, МСҮТ-д суралцагч оюутанд сар бүр олгодог мөнгийг хуримтлуулаад, төгсөөд ажлын байранд гарахад нь олгодог болгоно.

-Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авах тогтолцоонд шилжинэ. Одоогоор 198 мянган ажилтан төрд ажиллаж байгаагаас 53 мянга нь үйлчилгээний албан хаагч байгаа. Урсгал зардалд 450 тэрбум төгрөг зарцуулж байгааг хувийн хэвшлээ дэмжиж, хийлгэх нь зөв гэж үзжээ.

-Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, зардлыг оновчтой дахин хуваарилах, цахим үйлчилгээг дэмжин, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.

-Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал ихтиэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй.

-Нийслэлийн автозамын түгжрэлийг багасгахад шаардлагатай санхүүжилтийг шийднэ гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)