“Monsters at work” шинэ цуврал гарч эхэллээ

Э.Ариунсанаа

“Monsters, inc.” болон “Monsters University” киноны үргэлжлэл “Monsters at work” цуврал нээлтээ хийлээ. Ганцхан нүдтэй бөөрөнхий ногоон мангас болох Майк Вазовски, муур шиг үстэй мөртлөө баавгай шиг нүсэр том биетэй, хурц шүдтэй архиралтаараа алдаршсан Жеймс Пи. Саливан нартай дахин уулзах нь ээ. 

Унтлагын өрөөний хувцасны өрөөнөөс араатан мангас гарч ирж унтаж байгаа хүүхдүүдийг айлгадаг гэсэн түгээмэл бодлоос сэдэвлэн зохиосон “Monsters, inc.” гэх анимейшн 2001 онд нээлтээ хийж байсан. Ерөнхий санаа нь,  мангасуудын амьдардаг ертөнц нь эрчим хүчээ хүүхдүүдийн айдсаас авдаг гэнэ. Тэдэнд дэлхийн бүх хүүхдүүдийн өрөө рүү нэвтрэх боломжтой хаалганууд бий.

Тодорхой цагт, тодорхой технологийн ачаар нэвтрэн ороод нойрсож буй хүүхдүүдийг сэрээж, айлгаж хашхируулах зорилготой мангасуудын ертөнц. Тэрхүү хашхиралт нь мангасуудын ертөнцийн эрчим хүч, цахилгаан аж. Гэхдээ киноны төгсгөлд хүүхдүүдийг айлгахын оронд инээлгэж илүү их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх боломжтойг илрүүлдэг. Энэ нь цаад утгаараа дахин ашиглах боломжтой эрчим хүчний үйлдвэрлэл болон үүний хуучин үйлдвэрлэлтийг халах тухай юм.

Харин 2013 онд киноны үргэлжлэл “Мангасуудын Их Сургууль” үзэгчдэд ихээр таалагдсан. Учир нь үйл явдлын хувьд гол дүрийн баатруудыг ажилд орохоос өмнөх оюутан насны амьдралыг харуулдаг. 

Тэд анх хэрхэн танилцаж, хэрхэн энэ ажилд орсон тухай тун сонирхолтой өрсөлдөөн бүхий үйл явдлыг энэ ангиас харж болно.

“Monsters at Work” буюу “Мангасууд ажил дээрээ” гэсэн цувралд “Monsters inc.” киноны үйл явдлын үргэлжлэл гарна хэмээн таамаглаж байна. Энэ кино төслийг 2017 оны сүүлээр санаачлан олон нийтэд мэдээлсэн бөгөөд нээлтээ хийх хугацаагаа 2020 байсныг бүтэн жилээр хойшлуулж, энэ сарын долооны өдрөөр тогтоосон юм.

Энэ цувралаар зөвхөн өмнөх дүрүүдээс гадна олон шинэ дүрүүдтэй танилцана гэнэ шүү. Гэхдээ тэд архирч хашхирахгүй, харин хүүхдүүдийг инээлгэнэ. Тиймээс хэд хэдэн хошигнол ч сурч магадгүй.

Албан ёсоор Disney Plus  платформоор гарах бөгөөд кино театраар гаргахгүй юм байна. 

“Monsters inc.” киноны төгсгөлд “Boo” буюу ягаан футволктой охины эвдэлж, устгасан хаалгыг нь сэргээн босгож гардаг ч энэ цувралд “Воо” өөрөө гарахгүй гэдгийг уран бүтээлчид саяхан мэдээлжээ.

Цуврал киноны түүвэр буюу трэйлерийг хүлээн авч үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.224.90.25)