БНАСАУ-д оршин суудаг Оросын иргэд нутаг буцжээ

БНАСАУ-д сүүлийн жилүүдэд оршин сууж байсан Оросын зарим иргэн өнгөрсөн долоо хоногт нутаг буцсан тухай Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. 

“БНАСАУ дахь Оросын төлөөлөгчийн газруудад бидэнтэй цуг ажиллаж байсан ажлын хамт олон, найз нөхөд маань коронавирусний цар тахлын энэ хүнд цаг үед нутаг буцлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

БНАСАУ-ын эрх баригчдын тогтоосон тусгаарлалтын дүрэм журмын дагуу хил хаагдаж, төлөөлөгчийн газарт нь хоёр орчим жилийн хугацаанд халаа сэлгээ хийгдээгүйг ОХУ-ын Элчин сайдын яам цохон тэмдэглэжээ.

Ажлын гэрээний хугацаа нь дууссан хүмүүсээс гадна хэд хэдэн дипломат ажилтан, эмч, захиргааны болон техникийн ажилтнууд нутаг буцаж, Орос хүүхдийн явдаг цэцэрлэг хаагдсанаар Пёньян хотын төвд байрладаг Орос хотхон нам жим болжээ. Ийм нөхцөл байдал бүрдээд байгаа ч дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэдгээ мэдэгдсэн байна. 

Коронавирусний халдварт өвчний улмаас Пёньянд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэд ийнхүү нутаг буцах шийдвэр гаргасан байж магадгүй юм хэмээн БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч хэлжээ. “Ямар шалтгааны улмаас нутаг буцах болсныг бид нарийн тодорхой хэлж мэдэхгүй. Коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд сунжирсны улмаас нөхцөл байдал хүндэрснийг харгалзан үзэж улс орнууд Пёньян дахь дипломат ажилтнуудаа үлдээх эсэхээ шийдэж байгаа бололтой” хэмээн тэрбээр ярьсан байна. 

БНАСАУ-д коронавирусний халдварт өвчний тохиолдол илрээгүй ч цар тахлын эсрэг харьцангуй шуурхай, хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Тус улс халдварт өвчнийг тараахгүйн тулд өнгөрсөн оноос хилийн хяналтаа чангатгасан юм.  

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)